Жанни Инфантино: Би ижил хүйстэн, хөгжлийн бэрхшээлтэй ... бас эмэгтэй хүн шиг санагдаж байна!

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA )-ны ерөнхийлөгч Жанни Инфантино дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр барууны орнуудыг "хоёр нүүртэй" гэж буруутгав.

Дохад болсон хэвлэлийн бага хурал дээр Инфантино бараг цаг орчим үг хэлж, Катарын хүний эрхийн байдлыг шүүмжилсэн хүмүүсийг хоёр нүүртэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан юм.

Швейцарьт өссөн тэрээр "Европчууд бид сүүлийн 3000 жилийн турш хийсэн зүйлийнхээ төлөө хүмүүст ёс суртахууны сургамж өгөх эрхгүй. Дараагийн 3000 жилд ч бид уучлалт гуйх ёстой гэж бодож байна. Мэдээж би Катар биш, араб, африк ч биш, би ижил хүйстэн, хөгжлийн бэрхшээлтэй ч биш. Гэхдээ би харь оронд гаднын хүн гэж гадуурхагдах, дээрэлхүүлэх гэж юу байдгийг мэддэг. Хүүхэд байхдаа би улаан үстэй, сэвхтэй, дээр нь итали хүн байсан болохоор дээрэлхэлтэд өртдөг байсан. Европын улс орнууд Катар дахь цагаач ажилчдын асуудалд анхаарлаа хандуулахын оронд өөрсдийн түүхэнд хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх ёстой" гэжээ.

Тэрээр Швейцарь улс олон асуудлаар ахиц дэвшил гаргасан шиг Катар ч бас чадна гэж мэдэгджээ. FIFA цагаач ажилчдын нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч ажиллаж буйг сануулаад "Катар тэдэнд ажиллах боломж олгож байна. Тэд үүнийг хуулийн дагуу хийдэг. Гэтэл Европт ирэхийг хүссэн хүмүүс маш хүнд хэцүү замыг туулах ёстой. Цөөхөн хэд нь л амьд үлддэг. Хэрэв эдгээр залуусын хувь заяанд үнэхээр санаа тавьдаг бол Катар шиг бодлого явуул. Эдгээр ажилчдын Европт ирэх хувийг нэмэгдүүлэхийн тулд хилээ нээж, хууль эрх зүйн асуудлаа тодорхой болго. Тэдэнд ажил олгож, ирээдүйг нь өөрчил" хэмээлээ.  

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил эхэлснээс хойш Катарт дор хаяж 6500 цагаач ажилчин нас барсан тухай мэдээлж буй. Харин 2014 оноос хойш 25,000 цагаач Европ руу нэвтрэх гэж байгаад амиа алдсан тул ийм шүүмжлэл нь хоёр нүүртэй гэж Инфантино хэлсэн юм. 

Тэрээр цааш нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах талаар Катарын эрх баригчдад шаардлага тавьсан талаараа өгүүллээ. "Тэд үүнийг баталгаажуулсан бөгөөд хүн бүрийг ДАШТ-д урьж байгаа гэдгийг баталж чадна" гэв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)