Кремлийн мацаг

 

Дэлхий даяар үнэ нэмэгдсэн, нийлүүлэлт тасалдаж буй шалтгаанаас үүдээд 2023 онд сүүлийн 20 жилд анх удаа хүмүүс үр тарианы бүтээгдэхүүн бага хэрэглэх болно.

НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тайлангаас

Украины дайн дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг сүүлийн 30 жилд байгаагүй дээд түвшинд хөөрөгдөж, зарим бүс нутагт хэдийнэ хүнсний хомсдол үүсэн, Зүүн Ази, Африкийн олон орон өлсгөлөнд нэрвэгдээд буй. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол тоглогчид хоорондоо дайтаж эхэлснээр 2022 оны гуравдугаар сард хүнсний үнийн индекс өмнөх жилээс 33 хувиар өслөө. Барууны орнууд ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг тавьж эхэлсэнтэй зэрэгцээд Москва үр тариа, элсэн чихрийн экспортоо хумиж хариу барив. Дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш Хар тэнгис дэх Украины боомтууд бүслэлтэд орж дэлхийн улаанбуудайн зах зээлийн 10, эрдэнэ шишийн 15 хувийг нийлүүлдэг тус улс нийлүүлэлтээ зогсоосон юм. НҮБ-ын санаачилгаар өнгөрөгч долоодугаар сард байгуулагдсан  үр тариа тээвэрлэх хүмүүнлэгийн зурвас дэлхийн зах зээлд үнэ тогтворжуулахад тусаа өгч Украин өнгөрсөн жилийн үлдэгдэл 11 сая тонн ургацаа экспортлох боломж нээгдсэн. Гэвч ОХУ-ын хувьд "Үр тарианы хэлэлцээр" нь дэлхийн бусад орнуудад дарамт шахалт үзүүлэх нэг хөшүүрэг болоод байна. Москвагийн эрх баригчид гэрээнээс гарна гэж удаа дараа заналхийлж, холбогдох шалгалтыг хойшлуулж байсны дээр ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнуудад “ногоон коридороос” цохилт өгсний дараа Орос тус хэлэлцээрээс түр гарч буйгаа зарласан юм. Украин улс хүмүүнлэгийн коридорыг цэргийн зориулалтаар ашиглахгүй гэсэн баталгааг бичгээр олгосны дараа Орос үр тарианы хэлэлцээрт эргэн ирсэн билээ. Хар тэнгисийн Одесса боомтоор үр тариа аюулгүй тээвэрлэх хэлэлцээр өнөөдрөөр дуусгавар болох байсан ч дахин 120 хоногоор сунгасан тухай зуучлагч Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт твиттер хуудсандаа мэдээлжээ. “Үр тариа тээвэрлэх коридор”-оор дөрвөн сарын хугацаанд 500 орчим хөлөг онгоцоор 11 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь хэлэлцээрүүдийн ач холбогдлыг батлан харуулж буй.

Украины зүгээс экспортын хэлэлцээрийг илүү олон боомт, бараа бүтээгдэхүүнээр өргөжүүлэн дор хаяж нэг жилээр сунгах хүсэлтэйгээ илэрхийлж байсан бол ОХУ хүмүүнлэгийн зурвасаар тээвэрлэж буй үр тариа өлсгөлөнд нэрвэгдээд буй улс орнуудад бус Европын баян чинээлэг хэсэгт очдог гэж мэтгэж буй.

Товчхондоо ОХУ “Үр тарианы хэлэлцээр”-т нэгдсэнээр хүнсний зах зээлийн үнэд, түүгээрээ дамжуулан дэлхийн хамтын нийгэмлэгт шахалт үзүүлэх барьцаа ахиулав.

Дуусдаггүй шалгалт

Есдүгээр сард Орос гэрээнээс гарах боломжтой тухай анх удаа ярьж эхэлсэн. Тухайн үед НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч нь Кремль Оросын үр тарианы экспортод тавьсан хязгаарлалтыг цуцална гэж найдаж буйгаа илэрхийлсэн бол Путин Хар тэнгисийн боомтуудыг хаах талаар бодож эхэлснээ санууллаа. Улмаар аравдугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт захидал илгээж Оросын үр тариа, бордооны экспортыг сэргээх талаар хүчин чармайлт гаргаагүй тохиолдолд хэлэлцээрийг тасалдуулахаа ил тод зарласан юм. Энэ цаг мөчтэй зэрэгцээд Туркийн боомтоор дамжих хөлөг онгоцнуудад хийх шалгалтын хугацаа сунжирч эхлэв. Наймдугаар сард нэг хөлөг онгоц шалгахад дунджаар гурав хоног зарцуулдаг байсан бол есдүгээр сард ес хоног, аравдугаар сар гарсаар бараг13 гаруй хоног шалгадаг болжээ. Экспортын хурдыг бууруулахын тулд ОХУ хяналт шалгалтыг зориуд удаашруулсан гэж Киев нотлож хэлэлцээрийг сунгахдаа шалгалтыг бүрэн цуцлах, эсхүл шалгах багийн тоог нэмэгдүүлэхийг шаардаж буй. Хэлэлцээрт хяналт тавьдаг байцаагчид одоогоор өдөрт 12 удаагийн шалгалт хийдэг аж. Тэгвэл Турк болон НҮБ-ын хөндлөнгийн шинжээчид бүр өдөрт 40 гаруй шалгалт хийх боломжтой гэж нотолсон юм.

Дундардаггүй агуулах

Үр тариа бол Украины экспортын хамгийн чухал бүтээгдэхүүн. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 8 сая тонн улаанбуудай Хар тэнгисээр тээвэрлэгдэх ээлжээ хүлээн агуулахад хадгалагдаж байгаа бол 2022 оны ургацын урьдчилсан балансаар Украин энэ намар 53 сая тонн үр тариа хурааж авна. Энэ нь дотоодын хэрэгцээнээс даруй гурав дахин давсан хэмжээ. Өнгөрсөн онд тус улс улаанбуудай, эрдэнэ шишийн экспортоос улсын төсөвт 10.5 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн бол ирэх онд нөхцөл байдал яаж ч эргэсэн экспорт бүрэн сэргэж дайны өмнөх түвшиндээ хүрч дөнгөхгүй гэж шинжээчид үзэж буй.Украины боомтуудад овоороод буй үр тариа нь дэлхий даяар жилд хураан авдаг үр тарианы 1 хувьд хүрэхгүй боловч Ойрхи Дорнод, Африкийн зарим улсууд Украины үр тарианаас ихээхэн хамааралтай байдаг. 100 сая хүн амтай Египет улс гэхэд л хэрэгцээт үр тарианыхаа талаас илүү хувийг Украинаас худалдан авдаг бол Зүүн Африкийн Эритрей улс өнгөрсөн онд импортынхоо 97 хувийг Орос, Украинаас хангажээ. 

Дайны өмнө Украин үр тарианы экспортынхоо 90 хувийг далайгаар тээвэрлэдэг байсан нь логистикийн хувьд хамаагүй хурдан хийгээд хямд тусдаг байв. Тийм ч учраас хүнсний экспортынхоо 35 хувийг гаргадаг өмнөд Николайв боомтыг хэлэлцээрт нэмж тусгах саналтай аж.

Мацаг үргэлжлэх үү?

Арваннэгдүгээр сарын 19-нд дуусаж буй "Үр тарианы хэлэлцээр"-ийг цаашид 120 хоногоор сунгах талаар талууд тохиролцоонд хүрсэн. Гэхдээ хэлэлцээрт нэмэлт заалт өөрчлөлт орсон эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор алга.  Аравдугаар сарын 29-ний өглөө Украин Севастополь дахь Хар тэнгисийн флот руу дайралт хийсний хариуд Орос хэлэлцээр дуусгавар болохоос 20 хоногийн өмнө гэрээнээс гарсан. Гэвч Кремлийн хүслийн эсрэг болж Хар тэнгис дэх хөлөг онгоцны хөдөлгөөнд төдийлөн нөлөөлсөнгүй. Аравдугаар сарын 31-нд Украины боомтоос дээд хэмжээний буюу 354 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Улмаар зуучлагч тал болох Туркийн Ерөнхийлөгч Р.Т. Эрдоган Орос гэрээнээс гарсан ч Украины үр тарианы экспорт үргэлжилсээр байх болно гэж мэдэгдсэн юм. Төд удалгүй ОХУ хэлэлцээрт эргэн нэгдэж экспортод гарч буй үр тарианы дийлэнх хувийг нь чинээлэг орнууд бус өлсгөлөн нэрвэгдсэн Африкт нийлүүлэх учиртайг дахин анхааруулав. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Мартин Гриффитс ч хүмүүнлэгийн коридороор тээвэрлэсэн улаанбуудайн 49 хувийг дундаас доош болон доогуур орлоготой орнууд руу хүргэгдэж буйг нотолсон. Хэдийгээр В.Путин аюулгүй байдлын баталгааг Украин дахин зөрчих аваас хэлэлцээрээс бүрмөсөн гарах эрхтэйг сануулсан ч Турк руу үр тариа гаргах экспортод нөлөөлөхгүй гэдгийг амласан. Хэлэлцээр хойшид илүү өргөжиж Одесса, Николайв дээр нэмээд саяхан Оросын цэрэг орхин гарсан Херсоны боомтоор хүнс тээвэрлэх гарц нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Хэрвээ хуурай замын минагүйжүүлэлтээ цаг алдалгүй хийж чадвал Украины боомтуудаас Бердянск, Мариуполь хотууд, Дунай мөрөн, Румын, Унгар, Польш эсвэл Беларусийн нутгаар дамжуулан үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой гэж үздэг.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Украин өөрсдөө мина тавьж ухраад тэндээ бүслэгдчихсэн, лол.

    0 0 Хариу бичих