“Дежа ву”буюу хуурамч цаг хугацаа

Заримдаа бид өмнө нь нэг ч удаа очиж үзэж байгаагүй газартаа очиход, огт уулзаж ярилцаж үзээгүй хүнтэйгээ ярилцахад энэ бүх зүйлс яг л өмнө нь болж байсан юм шигмэдэрдэг үү.

Тэгвэл энэхүү ер бусын мэдрэмжийг 1876 онд францын гүн ухаантан  Эмиль Бойрак “дежа ву” хэмээн тодорхойлж байжээ. “Дежа ву” гэдэг нь“already seen” буюу аль хэдийн үзсэн гэх утгатай франц үгээс гаралтай.Судалгаагаар хүмүүсийн 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар “дежа ву”-гмэдэрсэн байдаг байна.Энэхүү үзэгдэл нь хүмүүст нэг секунд орчим мэдрэгддэг. Энэ үзэгдлийг судлаачид олон янзаар тайлбарладаг. Шведийн эрдэмтэн Артур Функусер дежавү мэдрэмжийн талаар хэд хэдэн судалгаа хийсэн байна. Тэрээр, дежавүг хоёр ангилсан ба ямар нэгэн зүйлийг урьд нь харж байсан, тэнд очиж байсан мэт мэдрэмжийг “déjà visite” гэдэг бол “déjà vecu” нь ямар нэгэн үйлдэл хийж дуусгасан, урьд нь болсон зүйлсийг санах, дараа нь юу болохыг мэдэх зэргээр илэрдэг байна. Түүнчлэн энэхүү ер бусын мэдрэмжийг сэтгэл судлаачид тайлбарлахдаа хоёр хуваагддаг бөгөөд нэг хэсэг нь бидний төсөөлөл, хүсэл мөрөөдөл, ургуулан бодсоноос үүсдэг гэж үздэг. Харин хэсэг нь бидний тархинд алдаа гарснаар өнгөрсөн одоо хоёрын хооронд асуудал үүсдэг гэж үзжээ. Харин парапсихологич нар урьд насны дурсамжаас үүдэлтэй гэж  итгэдэг. Тэгвэл энэхүү ер бусын гэмээр энэхүү мэдрэмжийг шинжлэх ухаанаар хэрхэн тайлбарладаг талаар хүргэж байна.

“Дежа ву” юунаас үүдэлтэй вэ?

Уг үзэгдлийг тайлбарлах гэж оролдсон 40 гаруй онол байдаг. Лидийн их сургуулийн судлаачид “дежа ву”-г тархинд очих мэдээлэл гажуудсанаас үүсдэг хэмээн тайлбарладаг.  Энэ нь таны тархи одоо болж буй зүйлийг дурсамж эсвэл аль хэдийн болсон зүйл хэмээн худал дохио хүлээн авдаг байна. Тухайлбал таны тархи мэдээллийг шингээж авахдаа богино хугацааны санах ой болон урт хугацааны санах ойнд мэдээллийг дамжуулдаг. Улмаар тус мэдээлэл дамжуулах явц гажуудаж үүний илрэлд дежа ву мэдэрдэг хэмээн тайлбарласан байна.

Мөн өөр нэгэн онол нь Колорадо мужийн их сургуулийн дежа ву судлаач, сэтгэл судлалын профессор Энн Клиригийн хийсэн судалгаа юм. Тэрээр, өөрийн ажлаараа бидний мэдэрсэн боловч санахгүй байгаа зүйлтэй төстэй үйл явдлын хариуд дежа ву тохиолдож болохыг нотолжээ. Энэ нь бага насандаа тохиолдсон байж магадгүй, эсвэл өөр шалтгаанаар та үүнийг санахгүй байдаг. Хэдийгээр та энэ санах ойд нэвтэрч чадахгүй ч таны тархи таныг үүнтэй төстэй нөхцөл байдалд байсан гэдгийг мэддэг байна. Энэхүү далд санах ойн үйл явц нь зарим талаараа танил мэдрэмж төрүүлдэг. Хэрэв та ижил төстэй дурсамжийг санаж чадвал энэ хоёрыг холбож, дежа хуг огт мэдрэхгүй байх боломжтой гэх онолыг дэвшүүлсэн байна.

“Дежа ву” мэдрэмжийг ямар хүмүүс илүүтэй мэдэрдэг вэ?

Нас: Дежа ву нь залуу хүмүүст илүүтэй тохиолддог бөгөөд нас ахих тусам энэхүү мэдрэмж багассаар байдаг.

Хүйс: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс үүнийг бараг ижил давтамжтайгаар мэдэрдэг.

Нийгэм: Зарим судалгаанаас үзэхэд дежа ву нь өндөр боловсролтой хүмүүсийн дунд илүү түгээмэл мэдрэгддэг.

Аялал: Илүү олон удаа аялдаг хүмүүс дежа вуд өртөх магадлал өндөр байдаг. 1967 онд хийсэн нэгэн судалгаагаар хэзээ ч аялж байгаагүй хүмүүсийн ердөө 11 хувь нь л дежа вуг мэдэрсэн. Харин жилд нэгээс дөрвөн удаа аялдаг хүмүүсийн 41 хувь, тав ба түүнээс дээш удаа аялдаг хүмүүсийн 44 хувь нь тус мэдрэмжийг мэдэрсэн байдаг гэж тогтоожээ.

Стресс: Бусад судалгаагаар дежа ву нь ялангуяа ядарсан, стресст өртсөн үед  мэдрэгддэг гэж үзжээ.

Зүүд эсвэл хойд нас

Зарим судлаачид энэхүү ер бусын мэдрэмжийг зүүд, эсвэл хойд насны амьдралтай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь ямар нэгэн ид шидийн мэдрэмж биш бөгөөд тархины мэдээлэл хүлээж авах үйл явц, ой санамжтай холбоотой гажуудал гэдгийг зарим эрдэмтэд өөрсдийн онолоороо тайлбарлажээ. Мөн сэтгэл судлаачдын үзэж байгаагаар дежа ву мэдрэмжийг олон удаа мэдрэх нь сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг гэж үздэгаж.

Тухайлбал сэтгэлийн хямрал, шизофрени, тархины органик эмгэг гэх мэт өвчний үед түгээмэл илэрдэг аж. Энэ мэт маш олон онол, шинжлэх ухаан энэ нөхцөл байдлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Хаа нэгтээ өмнө нь харж, сонсож байсан мэт нөхцөл байдалд та хэд хэдэн удаа таарч болно. Гэхдээ үүнийг хэрхэн хаана үүссэн талаар таны тархи санаж чадахгүй. Энэ мэт дежа вуг зарим тохиолдолд мэдрэх нь энгийн зүйл бөгөөд таны тархи ой санамж бодит байдал хоёрыг баталгаажуулах гэж буй үр дүнд үүсэж буй мэдрэмж аж. Зарим онол нь цаг хугацааны явцад тасалдал гарч ирсний үр дүнд дежа ву бий болдог гэж үздэг. Ийнхүү маш олон салбарын шинжлэх ухаанчид энэхүү үзэгдлийг өөрийнхөөрөө тайлбарлаж байна.

Гэвч өнөөг хүртэл олон улсад энэ мэдрэмжийн талаар нийтлэг дүгнэлт гараагүй байгаа юм. Бидний дунд  энэхүү ойлголт нь тайлагдашгүй, нууцлаг, ид шидийн хэвээр үлдээд буй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)