ФОТО: Онцгой авъяастнуудын нүдээр

 

Соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд “Онцгой авъяастан 2022” үзэсгэлэн боллоо. Уг үзэсгэлэнд “Онцгой авъяастан” төслийн 107 сурагч өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг 300 орчим уран зурагт шингээн нийгэмд илэрхийлсэн юм. 107 сурагчийн дотоод ертөнцийн илэрхийлэл нэг дор цугларсан байгаа нь тэд “Хөгжихөд бэрхшээл-үгүй” гэсэн ойлголтыг олон нийтэд батлан үзүүлэхийг зорьжээ. Тусгай хэрэгцээт хүүхдийг уран зургаар сурган хүмүүжүүлдэг байгууллага нь “Онцгой авъяастан” урлагаар хөгжүүлэх боловсролын төв бөгөөд хоёр дахь жилдээ нийт 235 хүүхдийг хамруулан амжилттай сургажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хүүхдийн дунд уран зургийн тэмцээнийг зохиосон бөгөөд эхний гурван байрыг шалгаруулан урамшуулсан юм. Түүнчлэн уран зургийн дуудлага худалдааг ирсэн зочдын дунд зохион байгууллаа. Энэ нь хүүхдийн амьдралд урам зориг өгөх, цаашдын уран бүтээлд нь амжилт гарах "гүүр" болно гэдгийг зохион байгуулагчид дурьдсан юм. 

"Онцгой авъяастан" төслийн зохицуулагч Б.Шүр

"Онцгой авъяастан" урлагаар хөгжүүлэх боловсролын төв ТББ нь хоёр дахь жилдээ тусгай хэрэгцээтэй хүүхдийг уран зургаар хөгжүүлэх сургалтыг явуулж байна. Энэ жилийн онцлог нь бид Соёлын яамны соёлыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн энэ жилээс эхлэн аутизмтай хүүхдийг сургалтын төвдөө түлхүү авч суралцуулах сонирхолтой байна. Ер нь уран зураг,  дүрслэх урлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх нь бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн тэнцвэрт байдал, гоо зүйн мэдрэмжийн өв тэгш суурь боловсрол болдгоос гадна өөрийгөө нийгэмд илэрхийлэх, тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой болно. 

“Онцгой авъяастан 2022” үзэсгэлэн


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)