Монголд ажиллаж буй хүмүүсийн олонх нь авсан цалин, эрхэлсэн ажилдаа сэтгэл дундуур байдаг талаарх судалгааг сонины хуудаснаас олж уншив. Тэр даруй, “Тэдний хэд нь хийсэн ажлынхаа бүтээмж, гүйцэтгэлийн талаар эргэцүүлдэг бол” гэх бодол зурсхийсэн юм. Ийн бодохтой зэрэг зуны гурван сар Солонгост ажилласан багш залуутай хөөрөлдөж байсан минь санаанд буув. Тэрээр “Солонгост хөдөлмөрийн хөлс бус хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Хүмүүс гүйцэтгэсэн ажлынхаа хэр, хэмжээгээр л цалинждаг. Ажлын цагаар амсхийх чөлөө ч олдоггүй. Тэнд ажилладаг монгол залуус тамхи татах зуураа л “таван ясаа” амраадаг. Харин Монголд цалин багатай ч ажил багатай байдаг” гэсэн юм. Түүний хэлсэн үнэний ортой. Манай улсад зөвхөн хөдөлмөрийн хөлс бус хөдөлмөрийн бүтээмж ч хангалтгүй байгаа юм.

Монголчуудын ажлын бүтээмж дэлхийд, ялангуяа тивдээ тун доогуур эрэмбэлэгддэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2021 оны судалгаанд монгол хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж нэг цагийн ердөө 10 гаруй ам.доллар болдог гэж дурдсан байна. Улмаар манайх ажлын бүтээмжээрээ 185 орноос 107-д жагсаж Африк, Төв Ази, Латин Америкийн буурай орнуудаас яльгүй дээгүүр эрэмбэлэгдэж байгаа юм. Тэгсэн хэр нь ажил дээрээ өнгөрөөх цаг тийм ч бага биш. Монголчууд долоо хоногт дунджаар 40-50 цаг ажилладаг. Энэ нь тивдээ дээгүүрт бичигдэх тоо. Гэсэн ч өдөрт ердөө 5 цаг 48 минут л анхаарлаа төвлөрүүлж, ажлаа идэвхтэй хийдэг аж. Иргэд ажлын цагаа үр дүн, бүтээмжгүй өнгөрөөж байгаа нь ажилтан, байгууллагад төдийгүй улс орны нийгэм, эдийн засагт ч халтай.

Хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажилтны үйлдвэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр илэрхийлдэг. Учир нь ДНБ бол тухайн улс орны нутаг дэвсгэрт үйлдвэрлэж бий болгосон нийт бараа, бүтээгдэхүүн баялгийг буюу эдийн засгийн хэмжээг илэрхийлэх үзүүлэлт. Манай улсад 2019 онд нэг ажиллагчид ногдох ДНБ 15.8 сая төгрөг байсан бол энэ тоо 2021 онд 22.5 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний улиралд 4.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 490 мянган төгрөгөөр буурсан байна. Дээр өгүүлсэнчлэн энэ бол дэлхийн бусад орны хөдөлмөрийн бүтээмжээс даруй 25-30 хувиар бага үзүүлэлт юм.

Хөдөлмөрийн бүтээмж сул, хөгжих боломж хугас байгааг судлаачид хэрхэн шинжилснийг одоо хөндье.

Амьдралын хэв маяг ажлын бүтээмжийг чангаадаг уу?

Судгалгааны зөвлөх үйлчилгээний SICA Mongolia болон Байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний Right Mind Solution компанитай хамтран 2020 онд “Бүтээмжтэй монгол хүн” сэдэвт судалгаа хийсэн байна. Тус судалгаанд ажилчдын үр бүтээмж сул байгаа нь “залхуу байдал”, “хувь хүний хөгжил дорой байдал”, “чанаргүй мэргэжилтнүүд” гэж дүгнэжээ. Харин хувь хүний үзүүлэлтээр авч үзэхэд “цалин мөнгөний дутагдал”, “амьдралын буруу хэв маяг”, “хэт олон цагаар ажиллах” зэрэг нь бүтээмжид нөлөөлж байна гэж үзсэн байна.

Дарга болох хүслэн

NPC&Mandal, сэтгэл зүйн удирдлагын компани монгол хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж тааруу байгаагийн цаад шалтгааныг гурван жилийн турш судалсан байна. Тэдний судалгаагаар ажилчдын 10 гаруй хувь нь л байгууллага болон улс орондоо хувь нэмрээ оруулж, өөрийгөө чадавхжуулах зорилгоор ажилладаг гэж хариулсан байна. Харин 50 орчим хувь нь удирдах ажилтан болох, салбартаа манлайлах хүслээр өөрийгөө цэнэглэж, ажлаа гүйцэтгэдэг гэжээ. Тэгвэл 13 хувь нь гадаад хэлийг бүрэн эзэмших, 9 хувь нь зэрэг дээшлүүлж, олон улсад суралцаж, туршлага судлах тухай дурдсан байна. Энэ судалгаанаас монгол залуучууд өөрийгөө чадавхжуулж, хөгжүүлэхээс илүү албан тушаал ахиж, амбиц хөөхийг чухалчилж буй нь харагдаж байна. Ажиллагчдын энэ хандлага хөдөлмөрийн бүтээмжид тодорхой нөлөө үзүүлж байгааг судалгааны тайланд дурдсан байв.

Төлөвшил ба бүтээмж

Бие хүний төлөвшил ажилтны бүтээмжид шууд нөлөөлдөг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. АНУ-д хийсэн нэгэн судалгаанд ажилтны ажлын бүтээмжийн 20 гаруй хувь нь бие хүний онцлог болон төлөвшлөөс шалтгаалдаг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн өөртөө итгэх итгэл өндөртэй борлуулалтын менежер өөртөө итгэл багатай менежерээс дунджаар 30 орчим хувийн илүү борлуулалт хийдэг гэсэн тооцооллыг ч дотоодын компани гаргасан байгаа юм.

Байгууллага, хамт олон бүтээмжид нөлөөлөх нь

Канадын 229 жижиг, дунд бизнес эрхлэгч, удирдагчдыг түүвэрлэн байгууллагадаа эерэг уур амьсгал бүрдүүлэх даалгавар өгчээ. 18 сарын турш ажигласны дараа удирдлага нь таатай уур амьсгал бүрдүүлж чадсан байгууллагын орлого нэмэгдэж, ажилчид илүү амжилттай ажиллах болжээ. Үүнээс байгууллагын уур амьсгал болон удирдлага хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөтэй болохыг харж болохоор байна. Энэ талаар “Бүтээмжтэй монгол хүн” судалгаанд ч дурдсан байв. Судалгаанд оролцсон 10 ажилтан тутмын 9 нь шууд удирдлага болон хамт олонтойгоо тогтмол идэвхтэй харилцаатай байдаг бөгөөд энэ нь бүтээмж өндөртэй ажиллахад нөлөөлдөг гэж хариулжээ. Түүнчлэн байгууллага нь ажилчдынхаа санал хүсэлтэд тулгуурлан зохистой арга хэмжээ авч чаддаг байх нь ажилчдын бүтээмжид эергээр нөлөөлдөг болохыг судалгааны үр дүн харуулжээ.

Бүтээмж гэдэг нь товчхондоо аливаа үйлийг чанар, гүйцэтгэлтэй хийж үр ашигтай байлгахыг хэлнэ. Гэхдээ ажлын бүтээмж зөвхөн хувь хүнээс шалтгаалахгүй. Хувь хүнээс илүү байгууллага, нийгмийн тогтолцооноос хамаарах нь элбэг.

Стресс ажлын “дайсан”

Сэтгэл зүйн байдал хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөтэй байдагтай алба хашиж буй ихэнх хүн санал нэгдэх байх. Сэтгэл зүй тогтворгүй, уцаар, шаналалтай үед хүн амжилт гаргаж, ахиц үзүүлэх нь юу л бол. Үүнийг дээр өгүүлсэн судалгаагаар нотолжээ. Ажиллагчид бүтээмжид нь хамгийн их сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг “стресс ба сэтгэл зүйн бусад асуудлууд” гэж тодорхойлсон байгаа юм. Харин стресст хүргэж буй хүчин зүйлийг хүмүүсийн олонх нь илүү цагаар ажиллах гэж тодорхойлжээ. Тиймээс аливаа байгууллага ажилчдаа бүтээмжтэй ажиллуулахын тулд байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх нь оновчтойг судалгааны багийнхан онцолсон.

Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй. Тиймээс ажилчдын хийгээд байгууллага, нийгмийн ужиг болсон зарим хандлагыг халж, бүтээмжтэй монгол хүн, бүтээдэг монгол нийгмийг цогцлоох зайлшгүй шаардлага тулгараад байна.