Ухаалаг утас VS “Ухаангүй” эцэг, эхчүүд

Судалгаагаар 11 настай хүүхдүүдийн 91 хувь нь ухаалаг гар утас ашигладаг гэжээ. Эцэг, эхчүүдийн толгойд эргэлдэж байдаг нийтлэг бэрхшээл бол хүүхдэдээ гар утас үзүүлэх нь зөв үү, буруу юу гэсэн асуулт юм. Нэгэнт л технологийн эрин зуунд мэндэлсэн хүүхдүүдийг гар утаснаас хол байлгах гэж оролдох нь үе тэнгийнхнээсээ хоцроход хүргэх болуужин хэмээн болгоомжилдог. Гэтэл эсрэг талд ухаалаг утас удаан хугацаанд ашиглавал сөрөг нөлөөтэй гэсэн уриалга, цуу яриа элбэг. Эцэг, эхчүүд чухам аль талд нь гарч зогсох ёстойгоо өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байгаа билээ.

Олон улсын судалгаа юу өгүүлэв

Ухаалаг гар утас бүх хүний хувьд цахим шуудангаа шалгах, дэлгүүр хэсэх, бусадтай холбоо тогтоох, зургийн цомог үүсгэх зэргээр өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Харин хүүхдүүдийн тухайд эрүүл чийрэг өсөж торних явцад гар утас эзэмших болон нийгмийн сүлжээ ашиглах нь хор хөнөөлтэй гэдгийг яв цав тогтоосон баримт одоогоор алга. Ихэнх судалгаа бага насны хүүхдүүдээс илүү өсвөр үеийнхэнд анхаарлаа хандуулсан байх юм.

Их Британийн харилцаа холбооны “Ofcom” компанийн мэдээллийг нягталбал, тус улсад 9-11 насны хүүхдүүдийн 91 хувь нь гар утас хэрэглэдэг. Харин АНУ-д эцэг, эхчүүдийн 37 хувь нь энэ насны хүүхдэдээ гар утас худалдаж авч өгсөн гэж хариулжээ. Европын 19 улсад хийсэн судалгаагаар 9-16 насны хүүхдүүдийн 80 хувь нь бараг өдөр тутам цахим сүлжээнд нэвтрэхийн тулд ухаалаг гар утас ашиглана. Тэр дундаа 12-оос дээш насны хүүхдүүдийн 90 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг гэж Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын шинжлэх ухааны профессор Кэндис Ожерс хэллээ.

Европын 0-8 насны хүүхдүүдийн дунд дижитал технологийн хэрэглээний тухай хийсэн судалгаанд энэ насны хүүхдүүдэд цахим эрсдэлийн тухай ойлголт хязгаарлагдмал, эсхүл огт байхгүй байгааг тогтоосон юм. Профессор Ожерс дижитал технологийн хэрэглээ болон хүүхэд тэр дундаа өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн холбоо хамаарлыг харуулсан судалгаанууд дээр дүн шинжилгээ хийжээ. Ингээд нийгмийн сүлжээний хэрэглээ болон сэтгэцийн эрүүл мэндийн хооронд харилцан хамаарал бага гэдгийг олж харсан аж.

Кэмбрижийн их сургуулийн дадал хэвшлийн сэтгэл судлаач Эми Орбен

Сошиал медиа хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг шүүх цорын ганц хүн бол тэдний дэргэд байнга байдаг хүн.

Сэтгэл судлаач Эми Орбен технологи нь хүүхдийн сайн сайхан байдлыг алдагдуулж, эсвэл хариу урвал үзүүлдэг эсэхийг мэдэх боломжгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн судалгаануудын дүгнэлт таамгийг чухам үнэн гэж итгэхэд хангалтгүйн дээр зөвхөн дундажилсан дүнг л харуулдаг. Шинжлэх ухааны ном зохиолд эрүүл мэндэд нөлөөлөх олон талын нөлөөллийн тухай бичсэн байдаг ч өсвөр насныханд өөр өөрсдийн онцлог, хүрээллийн нөхцөл байдлаас шалтгаалж дадал зуршил суудаг. Тэднийг бодитоор шүүж чадах цор ганц хүн бол тэдэнтэй байнга хамт байдаг хүн юм гэжээ.

Дани улсад хийгдсэн судалгаагаар 11-15 настай хүүхдүүдийн гадаад орчинд өнгөрөөх цаг хугацааг ухаалаг утас булааж байна гэж дүгнэсэн. Гэвч үнэн хэрэгтээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянахад ухаалаг утас дэм болж буй. Хүүхдүүд хөгжим сонсоод алхахад, эцэг эх, найзуудтайгаа холбоо барихад гар утас тусалдаг гэж хариулжээ.

Өсвөр нас VS Гар утас

Бодит амьдрал дээр хүүхдүүд орчин үеийн аппликейшнууд, сошиал медиа ашиглах үнэхээр дуртай. Үүнд тэдний дадал зуршил, хүмүүжлийн толь болсон эцэг, эхчүүдийн оролцоо, нөлөө ч бий. Нөгөө талаар зарим өсвөр насныхны хувьд гар утас нэгэнт амьдралынх нь салшгүй хэсэг болж эрүүл мэндийн асуудал, шинэ хэрэглээ, бусадтай харьцах зэргээр ашигладаг. Өсвөр насанд хүний тархи ихээр өөрчлөгддөг. Энэ насанд өөрийнх нь талаар бусдын бодолд илүүтэй ач холбогдолд өгч, үе тэнгийнхний нөлөөнд автах нь ч ихэсдэг.

Ид өсөж буй насны хүүхдүүд бэлгийн бойжилт нь хэрхэн явагдаж байгаад, аль эсвэл бэлгийн дур хүсэл нь бусадтай адил биш гэдэгт санаа нь зовох тохиолдол бий. Үгүй байлаа гэхэд эргэн тойрны томчууд бүгд л сэтгэл дундуур байдаг цаг уурын өөрчлөлтийн талаар санаа нь зовсон хүүхдийн байр сууринд насанд хүрэгч өөрийгөө тавьж үзэхийг Лондоны эдийн засгийн сургуулийн нийгмийн сэтгэлзүйн профессор, “Дижитал ирээдүйн төлөөх эцэг эхчүүд” номын хамтран зохиогч Сониа Ливингстөүн зөвлөжээ.

Олон эцэг, эхийн хувьд хүүхдэдээ гар утас авч өгөх нь амьдралын шаардлага. Хүүхэдтэйгээ бүхэл өдрийн турш холбоотой байх гэж, тэднийг сургууль, дугуйлангаас нь авах гэж шүү дээ. Энэ нь насанд хүрэх замын чухал үе ч гэж болно. Австрийн Вена хотын их сургуулийн харилцаа холбооны хэлтсийн судлаач Аня Стивик хүүхдүүдэд гар утас өгснөөр тэднийг бие даасан, хариуцлагатай байх мэдрэмжийг төрүүлдэг гэжээ. Үүнд хамгийн чухал нь эцэг, эхчүүд хүүхдэдээ утас өгөхдөө тэд өөрсдийн эд зүйлд хариуцлага хүлээх шатандаа байна уу гэдгийг бодож үзэхийг зөвлөсөн юм. Бид хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг хугацааг гар утсанд алдаж байгаа нь эрсдэл мэт санагдавч илүү өргөн хүрээтэйгээр харвал тэд бусадтай холбогдож байна, хуваалцаж байна, хамтарч байна гэдгийг санах хэрэгтэй.

Эцэг, эхийн үүрэг

Ухаалаг утас бол шинэ технологийн нэгээхэн хэсэг. 0-8 насны хүүхдүүд нийгмийн сүлжээ болон гар утас ашигласнаар цахим эрсдэлд өртсөн хувь тун бага буюу бараг байхгүйтэй адил болохыг Европын долоон оронд хийсэн судалгаа харуулжээ. Дээр нь эцэг, эхчүүд хүүхдүүдийн гар утасны хэрэглээнд чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд аав, ээж нь гар утас хэрхэн хэрэглэж байгааг шууд тусгаж авдаг. Зарим эцэг, эх хүүхэд нь нууц үгээ хэлж өгөөгүй байхад хэдийнэ мэдсэн байдаг хийгээд өөрөө цахим хэрэглээнд нэвтэрч чаддаг хэмээн хэлжээ.

Өөр нэг судалгаагаар эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ гар утасны хэрэглээнд хяналт тавихыг оролдсоноос тэдний дунд зөрчил нэмэгддэг гэжээ. Тэгэхээр хүүхдэд ухаалаг утас хэрэглүүлэхдээ тогтмол шалгаж хянаж байх, ямар апп ашиглах зэргийг хамт хэлэлцэж шийдэх тухайгаа ойлгуулах нь чухал. Дуртай контентыг нь цуг үзэх, тоглоом тоглох зэргээр хамт гар утсаа ашиглаж цагийг зугаатай өнгөрөөж ч болно.

Хүүхдүүдийн хайж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслах, сошиалд нэвтрэх туршлагаа хуваалцах нь эцэг, эхийн дэм шүү гэж профессор Кэндис Ожерс санууллаа. Ухаалаг гар утасны хэрэглээг хянахдаа унтлагын цагаар утас ашиглахгүй байх зэргээр гэрийн дүрэм тогтооход эцэг, эхчүүд шударга хандах хэрэгтэй. Учир нь хүүхдүүд хуурамч, хоёр нүүрэнд дургүй. Хоолны ширээний ард, орондоо утас үзэхийг хориглочихоод өөрсдөө мөрдөхгүй бол хүүхэд чинь таныг үзэн ядаж магадгүй л юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)