Ирэх гурван жилд эдийн засгаа ингэж төсөөлжээ

Л.Энхдэлгэр


УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн дагуу УИХ жил бүрийн хаврын чуулганаар ирэх оныхоо төсвийн хүрээ, хязгаарыг тогтоож, ирэх гурван жилийнхээ төсвийн төсөөллийг баталдаг. Энэ дагуу хаврын ээлжит чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж буй. Энгийнээр бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал ирэх гурван жилд хаашаа, хэрхэн явах вэ гэдгээ тодорхойлж буй юм. Ирэх гурван жилд төсөв хэдий хэмжээний орлоготой байх, эдийн засгийн өсөлт, инфляци хэрхэн өөрчлөгдөх вэ гэх зэргээ урьдчилан тооцоолдог. Тэгвэл Монгол Улс ирэх гурван жилийн эдийн засгийн нөхцөл байдлаа хэрхэн төсөөлж байна вэ.

2016 онд эдийн засгийн өсөлт 3.0 хувь

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 3.0 хувьтай байна гэж тооцоолжээ. Харин 2017 онд өсөлт 3.4 хувь, 2018 онд 4.3, 2019 онд 6.8 хувьд хүрнэ гэж байна. Дунд хугацаанд буюу 2017-2019 онд уул уурхайн салбарт Оюутолгойн бүтээн байгуулалтыг дагаж томоохон өсөлт ажиглагдаж эхлэх хүлээлт бий. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт ч бас сайжирна хэмээн Засгийн газар үзэж байна. Тэгвэл олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг 2017 онд төдийлөн сайжрахгүй, харин 2018 оноос харьцангуй өндөр өсөлттэй байна гэж төсөөлжээ.

Тухайлбал, ОУВС-ийнхан эдийн засгийн өсөлтийг 2017 онд 2.5 хувь, 2018 онд 7.2 хувьд хүрнэ гэсэн байна. Харин Дэлхийн банкныхан 2017 онд эдийн засаг 2.7 хувь, 2018 онд 6.2 хувиар өснө гэж таамаглажээ. ОУВС болон Дэлхийн банкныхан ийн таамаглалаа дэвшүүлсэн бол Азийн хөгжлийн банкныхан эдийн засгийн өсөлтийг тун муугаар харж байна. Тухайлбал, тус байгууллагын үзэж буйгаар манай улсын эдийн засаг 2017 онд ердөө 0.5 хувийн өсөлттэй гарах гэнэ

Нүүрсний экспорт өснө

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт 2017 оноос эхлэн сэргэх хандлагатай байна. Тухайлбал, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.5 сая тонн нүүрс экспортлох бол 2017 онд нүүрсний экспортын хэмжээ 18 сая тоннд хүрнэ гэжээ. Цаашдаа 2018, 2019 он гэхэд нүүрсний экспортын хэмжээ 22 хүртэлх сая тоннд хүрнэ гэж Засгийн газар үзэж байна. Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ Оюутолгойн үйлдвэрлэлтэй холбоотойгоор ирэх гурван жилд дунджаар 1.3 тэрбум тонн байхаар төсөөлжээ.

Нийт экспортын үнийн дүнгийн хувьд 2016 онд 3901.7 сая ам.доллар, 2017 онд 4228.9, 2018 онд 4476.9, 2019 онд 5352.4 сая ам.доллард хүрэх юм байна. Харин инмпортын дүн 2016 онд 4309.8 сая ам.доллар, 2017 онд 4770.9, 2018 онд 5011.3, 2019 онд 5253.8 сая ам.долларт хүрэх нь.

Төсвөө алдагдалгүй болгоно

Энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэхээр баталсан. Харин 2017 оны төсвөөс эхлэн алдагдлыг 0 дүнтэй байлгахаар төлөвлөж байна. Түүнчлэн алдагдлыг тэглэхтэй зэрэгцээд 2017 оноос эхлэн анх удаа Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхлэхээр төлөвлөжээ. Төлөвлөж буйгаар бол 2017 онд Монгол Улс Ирээдүйн өв сандаа 201.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна. Цаашдаа 2014 онд 214.2 тэрбум, 2019 онд 249.8 тэрбум төгрөг хуримтлуулах аж. Гэхдээ төсвийн орлого, зарлага төлөвлөсөн хэмжээнд байж, экспорт, импортын дүн төсөөлснөөс хол зөрөхгүй бол энэ хэмжээний орлого хуримтлуулах боломжтой. Цаашдаа 2017-2019 онд төсвийн орлогын төлөвлөгөөг тогтмол бууруулж, хумих аж. Хийсвэрээр төсөөлсөн хэт их орлого төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, тэр хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Энэ утгаараа ирэх жилүүдэд төсвийг бодит хөрсөн дээр нь буулгах ёстой гэх шүүмжлэл өрнөж буй билээ.

Тэгвэл 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7013.9 сая төгрөгт хүрэх нь. Харин 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлээр орлого 6609.6 сая төгрөг, 2018-2019 онд 6800 орчим сая төгрөг болж буурах дүр зураг харагдаж буй юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. үнэн үү?

    0 0 Хариу бичих