"Голомт банк" ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан болж нийт 31 асуудал хэлэлцлээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Банкны реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкуудаас тус банк нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хоёр дахь банк ийнхүү болж байна. Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм.

Түүнчлэн хуралдаанаар “Инвескор ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани бондоо  хэсэгчлэн гаргах замаар нийт 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх юм. Мөн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу хоёр компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Хуралдаанаар мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий 3 иргэнд, 4 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж мөн нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Түүнчлэн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх, 6 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.