Өлсгөлөнгийн цунами

 Цар тахлын буулга дарамтаас өндийж ядаж буй хүн төрөлхтөнд хүнсний хомсдол хэмээх шинэ сорилт тулгарч ирлээ. Өнөөдөр дэлхий даяар 828 сая хүн хангалттай хоол тэжээлгүй өлмөн зэлмүүхэн аж төрж буй тухай Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тайланд өгүүлжээ. Тэдгээрийн 345 сая нь хүнсний ноцтой дутагдалд орж хурц өлсгөлөнд нэрвэгдээд буй. 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш хүнс, түлш, бордооны үнэ огцом өсөж өлсгөлөнгөөр амиа алдахад ойрхон хүний тоо 70 саяар нэмэгдлээ. Үүн дээр эрсдэлтэй нөхцөлд аж төрж буй 45 улсын 50 сая хүн ойрын хугацаанд нэмэгдэхийг НҮБ анхааруулсан юм.

Нэг үгээр давлагаа төдий байсан өлсгөлөн цунами болж хувирлаа. Тахлаар эхэлж, дайн зэвсэгт мөргөлдөөнөөр үргэлжилж буй хямрал өнөөдөр дөрвөн секунд тутамд нэг хүний амийг өлсгөлөнгөөр авч одож байна.

Өлсгөлөнд нөлөөлж буй үндсэн дөрвөн хүчин зүйл

Зэвсэгт мөргөлдөөн өлсгөлөнгийн хамгийн том шалтгаан болдог. Өдгөө дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн нийт бүс нутгийн 60 хувьд нь дайн дажин, зэвсэгт хямрал болж буй аж. Тухайлбал Йемен улсад сүүлийн найман жилийн турш үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас 19 сая гаруй хүн хүнсний ноцтой хямралтай тулгарч, 550 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ.

Удаах шалтгаанд уур амьсгалын өөрчлөлт нэрлэгдэнэ. Ойрхи Дорнод, Африкийн зэрэгцээ Өмнөд Америкт хүртэл хүчтэй ган гачиг нүүрлэж усны хомсдолд орлоо.Хөгжингүй орнууд ч байгалийн эрсдэлт хүчин зүйлээс холуур тойрсонгүй. Үер ус, ган гачигийн улмаас ургац алдаж буй тэд бусдад илүүчлэх бус дотоодын хэрэгцээнд анхаарал хандуулна гэдгээ зарлаад байгаа. 

Ковид19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар өлсгөлөнг урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүргэсэн. Дэлхий даяар хатуу хөл хорио тогтоосон жил гаруйн хугацаанд өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 210 саяар нэмэгджээ.

Тахлаас улбаатай үнийн өсөлтийг барьж тогтоох аргагүйд хүрсэн. Үнийн өсөлтөөс шалтгаалж дэлхийн хүнсний хөтөлбөрийн сарын үйл ажиллагааны зардал цар тахлаас өмнөх 2019 оны дундажтай харьцуулахад 73.6 сая ам.доллараар нэмэгдсэн нь 44 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Йемений Гэр бүлүүдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Моханна Ахмед Али Элжабали

Хөдөө аж ахуй, ургац хураах техник, технологи хөгжсөн XXI зуунд өлсгөлөнгийн тухай ярьсаар байгаа нь үнэхээр аймшигтай. Энэ бол нэг улс, нэг тивийн асуудал биш. Бас өлсгөлөн хэзээ ч ганцхан учир шалтгаантай байдаггүй. Энэ бол хүн төрөлхтний шударга бус байдалтай холбоотой. Хүмүүст ирээдүйдээ санаа тавьж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх боломж олгохын төлөө бид нэг хором ч зүгээр суух ёсгүй.

 

Өлсгөлөнгийн голомт

Кени, Нигери, Этиоп, Сомали зэрэг Африк тивийн улс орнуудад сүүлийн 40 жилд тохиогоогүй хүнсний хямрал нүүрлэлээ. Сомали гэхэд л хагас зуун жил мөнхийн өлсгөлөнтэй тэмцэж буй. Тус улсад дөрвөн жил дарааллан ган гачиг тохиосны улмаас 2011 онд 260 000 хүн амиа алдсаны бараг тэн хагас нь зургаагаас доош насны хүүхдүүд байсан. Минут тутамд нэг хүүхэд хоол тэжээлийн дутагдлаар эмнэлгийн тусламж авдаг Сомали улсад өлсгөлөнтэй тэмцэхэд 2 тэрбум орчим долларын санхүүжилт хэрэгтэй. Одоогоор тус улсын 17 сая хүн амын 7.8 сая хүн ган гачигт өртөж, тэдгээрийн 213 мянга нь өлсгөлөнд нэрвэгдэж, нэг сая орчим хүн орон гэрээсээ дүрвэжээ. Хэрэв өлсгөлөнтэй тэмцэх яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ арваннэгдүгээр сард Сомалийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 300 мянгад хүрнэ. Харин Нигери улсад 19.5 сая хүн хагас өлсгөлөнд өдөр хоногийг аргацааж буй аж.

Сомалиас гадна Өмнөд Судан, Этиоп, Йемен, Афганистан зэрэг орнуудад тохиосон ган гачгийн улмаас усны хомсдол улам бүр хурцадлаа.

НҮБ-ын мэдээлснээр Ковид19 цар тахлын дараа Африкт нэмж 46 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь бусад тивд байхгүй өндөр үзүүлэлт юм.

Өлсгөлөнгийн голомт болсон бүс нутаг:

  • Төв Африк: 31.8%
  • Зүүн Африк: 28.1%
  • Баруун Африк: 18.7%
  • Карибын тэнгис: 16.1%
  • Өмнөд Ази: 15.8%

Украины дайны улбаа

Зүүн Европт ассан дайны гал дэлхий даяар үр тариа, малын тэжээлийн хомсдол үүсгэж мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ч дагаад өссөн нь өрхийн төсвийнхөө ихэнхийг хүнсэндээ зарцуулдаг ядуу буурай орнуудын иргэдэд шууд нөлөөлж буй.

ОХУ,Украин улс дэлхийн улаан буудайн зах зээлийн 30 орчим хувийг, наранцэцэгийн тосны нийлүүлэлтийн 78 хувийг бүрдүүлдэг. Украин гэхэд л дэлхийн 4 дэх том эрдэнэ шиш экспортлогч орон бөгөөд энэ зах зээлийн 16 хувийг дангаараа хангадаг байв. Дэлхийн 50 гаруй орны улаан буудайн хэрэгцээний 30-аас доошгүй хувь нь ОХУ, Украинаас хамааралтай. Улаан буудай тариалдаггүй, гаднаас бүрэн хамааралтай Африкийн Эритрей улс өнгөрсөн онд импортынхоо 53 хувийг ОХУ-аас, үлдсэн 47 хувийг Украинаас авчээ. Европ дахь түншүүд нь дайтаж эхэлснээр нийлүүлэлт тасалдаж Эритрейд буудайн үнэ хоёр дахин нэмэгдлээ.

ОХУ үр тарианы зэрэгцээ дэлхийн бордооны зах зээлийн гол нийлүүлэгч. Азотын бордоогоор нэгт, калийн бордоогоор хоёрдугаарт, фосфорынхоор гуравт бичигддэг ОХУ-д барууны орнууд экспортын хориг тавьснаар бордооны үнэ эрс нэмэгдэж, Оросын бордооноос хамааралтай улс орнуудын газар тариалан давхар цохилтод өртсөн юм.

Дэлхийн үр тарианы зах зээлийн 10 орчим хувийг хангадаг Украины нутаг дэвсгэрт дайны уршгаар ургац хураалт, тариалалт тасалдаж зарим газарт тариалангийн дэд бүтэц устан, ажиллах хүчний хомсдол үүссэн юм. Орос, Украины нөхцөл байдлын улмаас хүнсний хомсдол үүсэж, ядуурлын түвшин нэмэгдэн, өлсгөлөн нүүрлэж болзошгүйг дэлхийн хамтын нийгэмлэг дайн эхэлсэн даруйд л анхааруулж байсан билээ. Хүнсний зэрэгцээ эрчим хүчний хямрал давлагаалж буй нөхцөлд дэлхийн эдийн засаг ирэх онд 2.8 их наяд ам.доллар алдана гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тооцоолжээ. Удаан хугацааны хямрал, өлсгөлөн бүс нутгийн аюулгүй байдалд ч нөлөөлөх магадлалтай. 2007 онд дэлхий даяар улаанбуудайн үнэ өсөхөд дэлхийн 37 онд өлссөн ард иргэд бослого тэмцэл өрнүүлж, улмаар “Арабын хавар” хэмээх хувьсгалын давлагаа Ойрхи Дорнодыг нөмөрч тогтворгүй байдал үүсгэсэн нь өдгөө ч бүрэн аньж амжаагүй байна.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)