Чөтгөр ба түүний баяр

 

“Эвий2 дан хүүхдүүд бн ш тээ

(Итовонд болсон явдлыг хэлж байна)...

Энэ заваан муу ёрын баяр тэмдэглэхийг

хорьмоор юм”

Хаалоовэний өдрийн Монгол жиргээнээс

 

“Ghosts are not scary.

living next Russia is”

Мөн өдрийн Украйн жиргээнээс

НэгУчрыг олсноос буруутанг олох нь амар.

Бид юмны учир шалтгааныг хайхын оронд буруутныг эрдэг. Өөрөөр хэлбэл “юунаас болов” гэдэг эрэлхийллээс зайлсхийж, “хэнээс болов” гэсэн асуултын хариуг хайна. Жишээлэхэд, саяхны цаснаар гулгаа үүсээд машин шүргэлцэхэд хамгийн түрүүнд хотын захиргаа буруутан болсон. Тэд буруутай л даа, ер нь бол. Захиргаа нь хотынхоо замыг арчлах үүрэгтэй. 

    Улмаар, яг хэнээс болов гэдэг асуулт тавиад хөөвөл хотын дарга буруутай болж байна. Муу сдааг, яасан нь дээр вэ? Хотын олигтой даргатай байсан бол машин маань бүтэн байх байлаа, надад юуных нь буруу байх вэ? Сэтгэл цэлмээд явчихна.

  Харин “юунаас болов” гээд хөөхөөр цас орсноос, улмаар өвөл болсноос гэхчлэн цааш явна. Өдийд бөмбөрцгийн умарт хагаст өвөл болдгийг мэдээ орсон цагаасаа ухаарсан бол хэзээ цас орохыг “цаг агаарын мэдээ” бидэнд хэлж өгсөн байх юм. Дургүй хүрмээр нь асуултын хариу наашаа чиглээд байгаа биз ? 

   Ийм явдал болохыг би мэдэж байсан байх гээд байна. Машинтай гарахгүй хүлээхээс эхлээд машинаа гулгуулахгүй болгоод жолоодохыг хүртэлхи арга хэмжээг авах боломж надад байсан болчих гээд байгаа нь зэвүү хүрмээр. Гадуур хадаастайгаасаа эхлээд зөөлөн эрзээнтэй өвлийн дугуй элбэг болж.

  Гэхдээ, асуултаа “Надад өвлийн дугуй байхгүй байгаад хэн буруутай вэ” болгоод цаашилбал хамаагүй гэгээтэй болоод явчихна. Өвлийн дугуй үнэтэй, тийм дугуй авах чадал алга, төр засгаас л тавьж өгдөггүй юм бол ? Тэгж ярих юм бол төр засаг, эрхэм гишүүд малчин сонгогчоо л бодоод, хотын биднийг ялгаварлан гадуурхдаг нь үнэн. Тэр аймагт, энэ суманд өвөлжилт хүндэрч, малтай сонгогч хэцүүдлээ гээд өвс тэжээл ачуулсан гишүүд зурагтаар гардаг болохоос энэ зам дээр, тэр чиглэлд гулгаа үүсээд машинтай сонгогчид аюулд орлоо хэмээн өвлийн дугуй тараахыг харсан хүн байна уу? Надад өвлийн дугуй байхгүй байгаа явдалд УИХ, засгийн газар буруутай юм байна.

     Хэрвээ, “Ямар ч ядуу хүнд саван авах мөнгө олдоно” гэдэг шиг “машин худалдаж авч чадсан ямар ч хүнд хуучин ч болов өвлийн дугуй авчих мөнгө байдаг л байхгүй юу” гэвэл юу гэх вэ гэж үү? Тэгвэл “Чи муу хөлсний сэтгүүлч”,“Тороол” гээд загнах ёстой.“Хужаагийн эрлийз” аятай, баримттай, булзахын аргагүй юм ярьдаг хэн юм бэ? (Барим тавим үнэн, баримттай юм хэлдэг хэсгээ бид “хужаагийн эрлийз” гэж хочилдог. Худлаа гэвэл, гүүглээр хайгаад, олдсон этгээдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь сонирхоорой. Эрлийз нь ийм байгааг бодоход ориг нь бол амаргүй амьтас байдаг байх гээд байгаа юм)

    Буруутныг хайх, хайх хайхдаа өөрөөсөө аль болох холдуулан байж санаа амардаг нь бидний амгалан оршихуйн менежмэнт гэсэн ч болно. Наад зах нь машинаа шүргэлцүүлчихээд, хотын даргаа зүхэх гэхээр намынх нь хүн байж таарвал, уг чиглэл рүү явах шалтгаан болсон хүн, эсвэл зорчигчийг буруутгаж “Энэ нэг гайг хүргэж өгөх гэж яваад ингэчихлээ” гэж бодвол дотор цэлмээд явчихна. Ямар ч тохиолдолд уужуу цэлмэг дотортой явах шиг жаргал үгүй. Гэтэл, эргэн тойрны хамаг амьтан ингэж амьдрахаа болиод байдаг, гэж байгаа ? Яадаг ч юм билээ дээ !

Хоёр. Муухай нэр ба азгүйтэл

Саяхан Солонгост эмгэнэлт хэрэг явдал болов. Манайхны сайн мэдэх, Сөүл хотын Итовон дүүрэгт баяр тэмдэглэх үеэр бужигнасан олон заримыгаа дарж, зуу гаруй хүн бүтэж нас барсан байна. Тэмдэглэсэн баяр нь “Хаалоовэн”( Halloween) хэмээх баяр. Манайхны ихэнх нь эмгэнэлт явдлын учир шалтгааныг Хаалоовэн хэмээх сүнсний баярт чихэж байна. Бүгдээрээ биш л дээ, гэхдээ нэлээд нь. 

    Чөтгөрийн баярыг тэмдэглэж, муу ёр удснаас болж ийм хорлол ирсэн байна. Буруутан нь чөтгөр болон түүний баярыг тэмдэглэсэн этгээдүүд ажгуу, манай заримын хувьд. Асуулт нь: Хэн буруутай вэ? Шийдэл нь: Хаалоовэнийг л дахин тэмдэглэхгүй байх. Тэгвэл ийм осол гарахгүй. 

    Харин Солонгосчууд, олон нийтийн арга хэмжээ авахдаа авахдаа зохион байгуулалтгүй хандсан, тухайн тохиолдолд аврах арга хэмжээ авахад бэлэн биш байсан ба бусад гэдэг аргументаар буруутанг хайж байна. Асуулт нь: Яагаад ингэв? Яагаад ингэсэн нь тодорхой болсны эцэст хэн хариуцлага алдсан нь тодорно. Шийдэл нь: Ямар ч тохиолдолд дахин ийм явдал гаргуулахгүйгээр зохион байгуулалтын шинэчлэл хийх. Ингэхгүй бол урлагийн тоглолт, спортын тэмцээн гээд олон хүн цугларсан ямар ч тохиолдолд эмгэнэлт явдал давтагдах магадтай.

     Хаалоовэний гарал үүслийг энүүгээр л нэг бичсэн байгаа тул орхие. Ямар ч юмыг гоёор хэлэхэд бизнес, муухайгаар хэлэхэд “дундаас нь мөнгө олох арга” болгодог Америкчуудаас их юм болжээ. Манайхан Америкийн виз авахыг мөрөөддөг, америк доллартай (ханш нь тогтвортой, бас чөлөөтэй хөрвөдөг валют гэдэг утгаар) болох дуртай ч тэдний Хаалоовэнийг муулах дуртай. 

    Анхнаасаа бие биенийгээ айлгаж цочоодог нэг ёсон Кельтэд байсныг л тусгай хувцас өмсдөг, хүүхдүүдэд амттан бэлэглэдэг найр наадам болгоод хаяж. Аймшгийн өмсгөл зарах, шоу цэнгээн зохиох, тэнд ирсэн улсад ундаа маруужин зарах, айлын хүүхдэд өгөх чихэр худалдан авах гээд бөөн мөнгө эргэж байгаа биз дээ. Манайхан цагаан сараар орж ирсэн хүүхэд бүрийг л баярлуулж, таних танихгүй хамаагүй бэлэг өгдөг шиг юм. Зарим хүн бүрлээч нарынхаа араас буян үйлдэхдээ хүүхэд баярлуулж, золбин нохой хооллодог. Үнэхээр, гүн ухаан, Буддын философи шингэсэн зан үйл шүү. Даанч тусгүй нь тэд Хаалоовэнээрээ аймшгийн хувцас өмсдөг, манай хүүхдүүд үндэсний хувцсаараа гангарч, нүдээ бүлтэртэл гоёдог. Гэхдээ, хаанахын ч хүүхдүүд өмссөн зүүснээсээ хамаарахгүйгээр чин сэтгэлээсээ баярладгаараа ижилсэх бөлгөө.

    Америк яагаад мөнгөтэй байдаг вэ гэхээр, бүх юмыг, бүүр чөтгөрийг хүртэл мөнгө олох арга болгоод явчихдагт байгаа юм. Хэрвээ олддог юм бол хөлс мөнгийг нь тохироод дэлгүүртээ нэг чөтгөр ажиллуулахаас сийхгүй улс.

   Бид бас хүнээс дутуу төрөөгүй. Хэрвээ Америкчуудын нүдээр харвал, манайхан юуг л бол юуг найр, хурим хийх шалтгаан болгодог, хэдэн чулуу давхарлаж өрчихөөд наадам хийдэг, найрын мэнэжмэнтээр бол гүйцэгдэхгүй ард түмэн харагдаж байгаа. Амаргүй ээ бас, ард түмэн нь хуушуур, ундаа зараад мөнгө олчих юм гэж бодож байгаа. Авъяас, америк доллар хоёрт төсөөтэй нэг тал байдаг нь хөрвөх чадвар. Үнэхээр ч бид найрлах авъяасаа жаахан хөрвүүлэхэд л мөнгө босгох авъяас болчихно доо. Харж л байгаарай. Нүүдэлчид бол хөрвөх чадвар маш сайтай улс шүү. 

   Асуудлыг гол нь барууныхан чөтгөртэй нөхцөөд байгаад биш, нэг иймэрхүү ёс, зан үйлийг бизнэс болгоод хөгжүүлээд, нийтийн зугаа болгосонд орших юм. Угаасаа бие биенээ айлгах цочоох нь хүн төрөлхтний ууган наадгай, тоглоом, сурган хүмүүжүүлэх аргын нэг байсан бололтой. Хүүхдүүд мэдээ ормогцоо, нүд амаа жорвойлгож татаад, мангаа болон бусдыг айлгах наадгайг хамгийн түрүүнд сурдаг байв. Энэ нь тэднийг буруу, осолтой үйлдэл хийхээс сэргийлэхдээ учрыг тайлбарлахын оронд амраар нь “Ингэвэл Мангаа ирнэ” гэж айлгадаг байсантай ч холбоотой.

 Улмаар, нуугдаж байгаад хэн нэгнийг айлгахаа байг гэхэд цочоох нь хүүхдийн сонирхол татдаг наадгайн нэг. Гэхдээ ингэх нь зарим хүний эрүүл мэндэд аюултай учраас хамжааргатай байж байгаад, тэгсгээд орхидог. Та ядаж л нэг удаа, хэн нэгнийг булангийн цаанаас цочоож, эсвэл хөөрхөн хуурчихаад “молиго” гээд хөгжилдөж, инээж үзсэн байх. 

    Барууныхан хүний иймэрхүү дон, нуугдмал аазгайг ил тод нийтийн зугаа болгоод хаясны нэг нь Хаалоовэн. Тэнд үнэнээсээ чөтгөр шулмыг сэрээн дуудах, хараал жатга үйлдэх зан үйл байхгүй. Загалмайн сургаал, ариун сударт энэ маягаар бусдыг, ялангуяа өөр шашин мөргөлтнийг доройтуулах тухай үг үсэг үгүй. Бид ч харааж ерөөхдөө тулбал хаалоовийнтэй, хаалоовингүй тэрийгээ хийнэ. Ер нь манай үндэсний урлаг, уран сайханд бөөгийн зан үйлийг бүхлээр нь болон хагас дуурайсан бүжиг, хөдөлгөөн дүүрэн. Тэр бүгдийг тайзнаас харсан барууныхан “Монголчууд бидэнд хараал хийгээд байна” гэвэл хөх инээд хүрнэ биз дээ, тэр мэт. Хаалоовэний углуурга нь биш юмаа гэхэд учир шалтгаан нэг иймэрхүү.

     Дашрамд тэмдэглэхэд, муухай нэр оноох нь муу юм болохын шалтгаан гэж бид үздэггүй. Харин ч муугаас хамгаалах дом, засал гэж хардаг. Өвчин ороомтгой, мөн ах, эгч нь тогтоогүй энхэр хүүхдэд Муунохой, Хүнбиш, Тэрбиш, Энэбиш гэхчлэнгийн нэр өгдөг. Чөтгөр нэрийг нь сонсоод “энэ бол муу нохой юм байна”, “хүн биш ажээ”,“энэ ч бас биш байна” гэж төөрөлдөөд хорлож чадахгүй аж. Үнэхээр тэгдэг гэлтэй, бидний эргэн тойронд “энэ ч биш, тэр ч биш, бас ч биш”-үүд дүүрэн энх тунх амьдарч байнам. Энэ утгаараа, чөтгөр сүнсний нэртэй баяр хийвэл “Манайхан хаашдаа энүүгээр дүүрэн байгаа учраас ажлын байр олдохгүй. Иймд өөр газарт очиж хүмүүсийг хорлоё” гэсэн бодол төрөөд муу зүгийн юмс харин ч тойрмоор. 

Гурав. Соёлын импери ба соёлын довтолгоо

Хэрвээ, та З.Бжезинскийн “Шатрын өрөг: Евроазийн геополтитик” номыг уншсан бол санаж байгаа байх, соёл бол өөрөө импери байдаг тухай. Өөр ч олон номд байгаа, гол нь энд Монголын эзэнт гүрний тухай зөндөөн гардаг юм. Цэргийн, эдийн засгийн, соёлын гэсэн гурван төрлийн импери байдаг ба нөлөөнийх нь улс үндэстэн цэргийн империйг түлхэн унагах, эдийн засгийн империйн эрхшээлээс гарах эрмэлзэлтэй байдаг. Харин соёлын импери лүү хүмүүс өөрөө татагдан, тэр зүгийг эрмэлздэг аж. Монголын эзэнт гүрэн нь цэргийн импери боловч өөрийн соёлоо тулгадаггүй, харин ч эзэлсэн улс үндэстнийхээ соёлыг хүндэтгэдэг, түүгээр ч барахгүй уусан автдаг сонин “түрэмгийлэгч” байсан байна. 

   Соёлын империйн том жишээ нь “Би Ромын иргэн” гэж хэлэх эрхтэй байх нь ойр хавийн үндэстнүүдийн чин хүсэл байсан түүхийг өгүүлснээр эхэлдэг. Харин Америк бол цэрэг, эдийн засаг, соёлын бүгдийнх нь импери аж. Өнөөгийн хүн төрөлхтөн Америк маягийн соёлыг шүтэж, түүний нэг хэсэг болохыг эрмэлзсэн байдалтай. Зөвхөн ногоон карт, визийг энд яриагүй шүү.

    Энэ үзэгдлийн хүрээнд манай соёлын амьдралд “Хаалоовэний баяр “тэмдэглэх ёсон орж ирээд хэдэн жил болжээ. Бид баяр ёслол зан үйлийг амархаан өөриймшүүлдэг. Христосын мэндэлснээр төрийн тоолол явж, түүний төрсөн өдрөөр нь баримжаалан шинэ жилээ ажиг сэжиггүй тэмдэглэсээр нэгэн зууныг үдэв. Бас Америкчуудын “Валентин гэгээний” гэх баярыг бас л өөриймшүүлэн, тэдний соёлын нэгэн хэсэг болгосныг бид ч анзааргагүй тэмдэглэсээр байгаа. 

   Хамаг учир нь зовлон нь монголчууд аливаа бэрхшээлийн учир шалтгааныг “хэнээс болов”, “хэн буруутай вэ” гэдэг асуулт тавиад эрэл хийх явцдаа олон этгээд тодруулсны дотор чөтгөр, шулам, лус савдаг орсонд байгаа юм. Хотонд нь чоно ороход лус хилигнэснээс болов гэж үзэхээс биш, хонио манаж хоноогүй миний буруу гэж хэлэхгүй. Хаалоовэний баярын гол баатар нь тэдгээр буруутны нэг болох адын юмс байдагт ихэд сэжиглэдэг.

   Байгалийн хүчин зүйл болоод хувь тавилангийн өмнө хүчин мөхөсдөхийн хэрээр хүмүүн бээр бэрхшээл зовлонгийнхоо шалтгааныг далдын хүчнээс эрдэг. Өөрөө шийдэж хүчрэхгүй, учир шалтгааныг нь ухаарахгүй байхын хэрээр тэгдэг. Байгалиас бүрэн хараат бэлчээрийн мал аж ахуй, байнгын дээрэм тонуул, эзэрхийлэгч гүрний тайлбаргүй хүчирхийллийн дунд явсаар ирсэн нь Монголчуудыг ёр, бэлгэд илүүтэй итгэгч болгожээ. ХХ зуунд л гэхэд гэнэт бөөнөөр нь алаад, сүм хийдийг нураагаад, ямар ч шүүхийн шийтгэлгүй, буруутгал ялгүйгээр малыг хурааж аваад байхаар цаад учрыг нь далдын хүч, ёр совингоос хайхгүй гээд ч яалтай билээ. Бүүр 1970-аад онд Засгийн газраас нь гэнэт “Зуд гэж байх ёсгүй” гэсэн тогтоол гаргаад мөрдүүлэхээр чинь цаад логикийг нь чөтгөрөөс өөр хэнээс эрэхсэн билээ? 

   Уул нь Бурханы шашинд нийтээрээ ороод дөрөв таван зууныг элээсэн үндэстний хувьд бүх юмны учир шалтгаан нь чөтгөр бус “үйлийн үр” гэдгийг сайн ойлгосон байх учиртай. Гэвч ахуй нь ямагт ухамсраа тодорхойлно гэгчээр бидэнд тэр итгэл үнэмшил бодитой шингээгүй өдий хүрсэн юм. 

   Будда бээр: чөтгөр шулам байлаа гээд, чамайг хорлолоо гэхэд энэ нь чөтгөр оршин байгаагаас болоогүй. Яалт ч үгүй, чөтгөрөөс айгаад үнхэлцэг нь хагарлаа гэхэд ч чөтгөр чамайг хорлосон гэсэн үг биш. Харин чи урьд өмнө хэн нэгнийг айдсаар нь дарамтлан үхүүлсэн гэхчлэнгийн буруу үйл хийснээс болоод үр боловсрон ирж байгаа тухайд сургасан байдаг. Чөтгөр, шулам гэхчлэнгийн ойлголт байгаагаас болоод хүн өвдөж, үхдэггүй. Сансрын хүрдэнд байгаа цагтаа чи чөтгөртэй, чөтгөргүй үхэх төрөхийн эргүүлэгт байна. Энэхүү хүчит үйл эрт орой, зовлон ихтэй эсвэл багатай тохиох нь чиний өмнөх үйлийн үрээс хамаарна хэмээн номлодог. 

   Хэрвээ чамд үйлийн үр нь байхгүй бол мянган чөтгөр хамжаад ч хорлож барахгүй (Өдөр болгон Хаалоовэн тэмдэглээд ч доройтохгүй) Харин муу үйлийн үрээ нэгэнт хураасан бол мянган бурхан хамжаад ч цэвэрлэхгүйг ухуулаад “Чиний үйлийн үрийг би угааж арилгаж чадахгүй, бас өөрийн гэгээрлээ чамд юүлээд хийчихгүй, гагцхүү өөрийн ухаарсан замаар багшлөн хөтөлж, өөрийн очсон гэгээрлийн түвшинд хөтлөн хүргэж чадна” гэдгээ Будда хэлсэн билээ. Бурхан гэдэг бол чи өөрөө. Гагцхүү мунхагийн нойронд дарагдаад сэрж чадахгүй байна. Мунхагийн нойроос сэр, Бурхан болж гэгээр. Будда гэдэг бол сэрсэн гэсэн утгатай бөлгөө. Энэ үгийг самгардиас дамжин славян хэлэнд орсныг бидний нэлээд нь “Будить” гэдэг орос үгээр мэдэх бөлгөө. 

  Учир иймээс, Хаалоовэн тэмдэглэснээс ч юм уу, чөтгөрийн хувцастай хүүхэд харснаас болоод Бурханы шашинт хэн нэгэнд гай зовлон учрах тухай ойлголт байх аргагүй. 

   Цаашлаад, чөтгөрийг шулмыг бид хэзээ ч хараагүй учраас ой ухаандаа багтсан хамгийн муухай дүрслэлээр ойлгодог. Таньж мэдсэн хязгаартаа баригдаад “хэрвээ тэр хүн байсан бол ийм байх байсан” гэж төсөөлөн, зэвүү царайтай нэгэн, эсвэл араг ясаар төлүүлнө. Рентгэн туяа нээх хүртэл бид зөвхөн талийгаачийн араг ясыг л үзэж болдог байсан учраас “үхлийг санагдуулагч” дүр болсон нь тэр. Ер нь бол чөтгөр байдаг байлаа гэхэд ямар дүртэйг бид мэдэхгүй. Хэрвээ, Хаалоовээнийх шиг чихэр горьдсон гэнэн томоогүй амьтад байдаг бол нэг их айх хэрэггүй ажээ. Хүүхдүүд Хаалоовээний баяраар муу зүгийн юмын дүрийг ингэж л бүтээдэг шүү дээ. 

Гэхдээ цаг үе өөрчлөгдсөөр, ухаалаг хэрсүү шинэ үеийнхэн юмны учир шалтгааныг эрж, ойлгох дуртай болж байна.

Дашрамд дурьдахад, ХХ зууны дундуур манайд зохиогдсон “Соёлын довтолгоо” бол Зөвлөлтийн гэх нэрийн дор Өрнөдийн загалмайн ертөнцийн иргэншлийн аж төрөх соёлыг тал нутагт, төрийн оролцоотой нэвтрүүлэх үйл явц байсан билээ. Хотшин хөгжих нь тусгаар тогтнолоо баталгаажуулах арга гэдгийг ухаарсан монголчууд маш их урам зоригтойгоор “албадуулсан” байдаг. Одоо энэ довтолгоо өөрийн инерциэрээ түрхрэн орж, бид түүнийг ямар ч албадлагагүйгээр, урам зоригтойгоор дууриан дагаж байгаа. Соёлын импери гэж энэ. 

Дөрөв. Үерийг боож болохгүй ч залж болдог

Энийг чи яагаад хэлээд байна вэ гэхээр, Америк маягийн соёлын түрлэгийг бид сөрж хүчрэхгүй. Улс орон, цаг үе ч өөр болж байна. Болсон үйл явдлын буруутанг хайхаасаа өмнө учир шалтгааныг хайдаг, би энд ямар буруутай байв гэдгээ эргэцүүлдэг шинэ үе түрэн ирж байна. Муу ёрыг л бүх алдаа дутагдлынхаа шалтгаан болгож хардаг манай үе түрэгдэн гарч байна. Тэд цаашдаа, ямар ч золгүй явдал гарсан ажрахгүйгээр Хаалоовэнээ тэмдэглэх болно. Учир шалтгааныг шал өөр зүйл, үүрэг хариуцлагаас хайж, тодорхойлж явна. 

    Яг л бид, хүүхэд моринд чирэгдэж эндснээс болоод наадам хийхээ больдоггүй шиг. Үүний төлөө наадмаа буруутгадаггүй, учир шалтгааныг бодитой харж, унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, цаашдаа хөнгөн жинтэй насанд хүрэгчдээр хүрээг нь тэлэх асуудлыг ярьдаг шиг. Хаанаас нь ч харсан эрүүл л хандлага байгаа биз дээ. Тэгэхээр, хойтон Солонгост ч, манайд ч Хаалоовэн болдгоороо болно.

    Тэгэхээр яах вэ? Тэр чигээр нь хуулах, эсвэл өөриймшүүлэх хөрвүүлэх хоёр зам байна. Хөрвүүлнэ гэвэл “дагуулж тонгорох” хэрэгтэй. Америкчууд түүнийг мөнгө эргэлдүүлэх арга болгосон шиг Монголчууд түүнд шал өөр бэлгэдэл шингээж хөрвүүлэн авч болно. Жишээлэхэд, “Лусын баяр”, “Лус буух ёслол” болгож яагаад болохгүй гэж. (Малчны календарь харчихаад “лус ирэх буцах” энэ тэр гээд үглээд унав, үлгэрлэх жишээ татаж байхад). Эсвэл, Богд уулын савдаг, Туул голын эзэн лус нь айл айлаар орж “Мод огтлоогүй биз”, “Ус бохирдуулаагүй чинь үнэн бол ганц чихэр өгчих” гэж явбал өхөөрдөм биш гэж үү? 

    Улаанбаатарт, дөрвөн уулын эзэн савдгийн өмнөөс бөхчүүд барилдахыг хэн байг гэх вэ? “Чингэлтэй хайрханы хишиг” энэ тэр гээд барилдаан болдог л биз дээ. Өөр спортын уралдаан тэмцээн сэдсэн ч болно.

  Битгий буруу ойлгоорой, мань чинь “Хаалоовэний тал” биш. Энэ баяр эхэндээ сэжиг хүргэдэг байсаан, байсан. Тээр жил нэг Монгол охин энэ баяраар Америкт буудуулж нас барахад яг л тийм сэжиг эхлээд төрсөн, нуугаад яах вэ? Гэхдээ, өөрт ашиггүй байлаа ч хамаагүй, бодит байдлыг харах гэж хичээдэг төдий нэгэн.

     Үнэндээ, соёлын түрлэг бол иргэншлийн аугаа үер. Яг л усны үер шиг тогтоон барих, буцаах аргагүй шиг. Харин залж, өөр газраар, зориуд бэлдсэн шуудуугаар урсгаж болно. Хаалоовон ч тэр мэт. Түүнийг бид хааж, боож, хориглож чадахгүй. Үерийн замд барьсан хаалт үерийн усыг илүү хүчтэй болгоод алддаг даа. Харин түүнийг залж, хөрвүүлж, үндэсний бэлгэдэл шингэсэн зүйл болгон хувиргаж бол болно. 

Жич: Америкийн соёл яагаад хүчирхэг байдаг вэ гэхлээр нэг шалтгаан нь ийм юм. Тэд бусдын соёлыг мухар сүсгээр сонжих, гадуурхахын оронд менежмэнт хийж, мөнгө босгох боломжтой эсэх талаас нь харах дуртай. Яг Америк соёл гэдэг бол “юуг л бол юуг бизнес болгох” тэр л овсгоо.Сониноос, Америкт байдаг Монголчууд наадам хийдэг болсон байна лээ. Манайхан тэнд хөлөө олохын хэрээр “овооны наадам” бидэнд танигдахын аргагүй америк соёл болсон байхыг үгүйсгэх аргагүй. 

Мотто буюу толгой ишлэлийн эхнийхийг доорхи жиргээнээс хуулав.

Харин Украйн жиргээг эндээс хуулсан болно. Бид чөтгөр, сүнс ба түүний баяраас сүнсээ зайлтал айж байхад, Эх орноо хамгаалан дайтаж байгаа Украйнчууд нутаг руу нь довтолж байгаа хөршөөсөө илүү айх жишээний. Хүн бүрийн айх юм тусдаа байдгийг энэхүү жиргээ харуулна.

2022.11.01


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Энэ сошиалын ихэнх нь муу Америк биднийг шулж байна гэдэг. Гэтэл бид л ашиглах гэрээгээ тохирч худалдаа, үйлдвэрлэлээ хийдэг юм шиг. Хэ хэ Америк ер нь гуйдаггүй, бусад улс л хамтран ажиллая гэдэг байхаа.

    0 0 Хариу бичих
  2. zow zow

    1 0 Хариу бичих
  3. Америкийг буруу замаар яваад байна гэж ярьдаг хүмүүс олон бий ч өөрийнхөө ярьсанд итгэдэг нь ховор учраас л Америк орон руу тэмүүлдэг байх аа

    1 0 Хариу бичих
  4. Sanal 1 bn.

    1 0 Хариу бичих
  5. яг үнэн гэвч мухар сүсэгт мулгуучууд ойлгохгүй хараасаар байх биз

    1 0 Хариу бичих