УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр /2016.05.13/ хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ хуулийн байгууллагад хүргүүлэх болсноо мэдэгдлээ.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад эл хүсэлтээ хүргүүлэх юм байна.
Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ
Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Тэрээр “Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” гэсэн юм.