Үзэн ядалт бол Үзэл бодол биш

Монгол бол Орос Хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг. Харин Украйны дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав. Том гүрнүүд нэгнийхээ хилийг даваад байлдаад эхэлбэл шууд дэлхийн дайн өдөөчих учир хоорондоо хэзээ ч байлддаггүй. Гэхдээ л бяраа харуулмаар байдаг, эрх ашгаа тулгамаар байдаг. Мэдээж хэсэг байлдаж байгаад буцаад эвлэрч магадгүй учир нэгнийхээ сэтгэлд хэт сэв суулгачихгүй, нэгнээ хэт гомдоочихгүй байх хэрэгтэй. Иймээс хоорондоо шууд үзчихгүй хүчээ сорих дундын бүс хэрэг болно. Нэгэн үрүүгээ цөмийн пуужин харвачих гээд байсан хүйтэн дайны үед ч СССР, Америкийн газар нутагт ширхэг байлдаан болоогүй, харин Солонгос, Вьетнам, Афганистан, Африк, Латин америкт эр бяраа үзсэн.Өнөө цагт Сири ч буфер болчихсон. Израйлууд Ираны хилийн дотор цохилт өгвөл дайн дэгдчих учир өөрийн санаагаа ойлгуулж хөөрхий муу Сирит байрлах Ираны зэвсгийн хамааралтай үйлдвэрийг пуужиндаж байх жишээний. 

Нэг атмаан нөгөөгөө шууд цохихгүй, нүдэн дээр нь өөр нэгнийг зодож айлгадаг шиг л, тэр зодуулдаг нь "буфер". Халх гол дээр ч Орос, Япон 1905 оны дайнаасаа хашраад нэгнийхээ хилийг давахгүй, манайхыг буфер бүс болгож байлдсаныг нь социализмын үзэл суртлын дагуу Дандар баатар самурай нарыг дийлж явуулсан дайн хэмээн манайхан зарим нь хөөрч бахархдаг. Сталин яг ийм зорилгоор манайхыг тусгаар авч үлдсэнийг зарим нь оросууд манайд хайртай учраас тэгсэн гэж итгэдэг. Мао дургүй хүргээд байвал Монгол дээр байлдаад, дараа нь хэлэлцээрт орно л гэсэн Сталины санаа, үнэхээр ч Мао дургүйг нь хүргэсэн, Монголд зуун мянган орос цэрэг орж ирсэн.. азаар арай ч байлдчихаагүй юм. Хожим СССР, Хятад хоёр сайндсан, СССР цэргээ буцааж татсан, магад Цэдэнбал дарга үүнийг нь сайн ойлгоогүй хятадтай үзэх гээд бсан учир оросууд түүнийг буулгаж, гэрийн хорионд оруулсан.. хэт хялбаршуулсан байж магад, гэхдээ л ерөнхийдөө нэг иймэрхүү.

Бууфэр дотроо бууфэрийн бууфэр гэж хүртэл байдаг бололтой. Жишээ нь Украйн өөрөө томоороо НАТО, Орос хоёрын бууфэр болчихсон бол Украйн, Орос хоёрын дундах бууфэр нь “Донбасс” юм. Дайны ихэнх нь Донбасс дээр явагдаж байгаа. Путиныг гарч ирэх хүртэл Донбасс жирийн л газар байж. Орос, Украйн холилдоод эв найртай суудаг газар. Харин сүүлийн арваад жил хооронд нь туйлшруулах пиарын ажил идэвхтэй явагдаж, “дундыг барих” гэдэг ойлголтыг нь бүрмөсөн авч хаяж. Чи Донбасст амьдардаг бол орос, украйны аль нэг талыг л сонгох ёстой. “Би дайныг л эсэргүүцнэ, Путинд дургүй оросын ард түмэнд бол дуртай...” гэх мэтийн уран цэцэн дундын оронзай үлдэх ёсгүй. Дундыг барих юм бол оросын талдаа ч алуулна, украйны талдаа ч алуулна. Эргэцүүлэх эрүүл ухаан ч хэрэггүй, аль нэг талаа л барьж явбал өлзийтэй. Одоо ч манай сошиал дээр дундыг бариад нэг юм бичвэл орос талыг барьсан буумэрүүддээ ч алуулна, украйн барууныг дэмжигч “либэрал” “жээнзи” нартаа ч алуулна. Тиймээс нэг бол дуугүйхэн байх ёстой, эсвэл аль нэг талдаа л орох ёстой. “Би дундыг бариад...” гээд нэг л пост оруулах юм бол шууд л нэг бол оросыг дэмжигч буумэр, нэг бол америкийн виз хүсэгч урвагч болж хувирна. 

“Цэргийн зэвсэглэл” гээд аятайхан фээсбүүк групп байсан юм, цэрэг, зэвсэглэл, техник сонирхдог овоо хэдэн мянган гишүүнтэй. Мэдээж зарим нь америк барууныг дэмжинэ, зарим нь орос зүүнийг дэмжинэ. Хоорондоо хэрэлдэнэ, маргалдана. Админ нь ядаж дундыг барих гээд хичээнэ, хэрүүлийн постоо устгана.. Хэрүүл уруултай ч ямартай ч нэг групп дотроо багтаж шингээд болдог байв. Харин сүүлийн хэдэн сар өнөө групп шууд хоёр хуваагджээ, нэгнээ тэвчихээ байж. Маш төстэй нэртэй хоёр групп үүсээд, нэг нь дан оросыг баримтлагчид, нөгөө нь дан украйн барууныг баримтлагчид болоод салчихсан. Өөр үзэл бодолтой нөгөө групп үрүүгээ шагайхыг ч хүсэхгүй, бараг гудманд тааралдвал зодохоор шинжтэй нэгнээ шоолж, харааж, халаглана. Зүгээр л онгоц, танк, пуужингийн техник, цэргийн сонирхолтой түүх зэргийг унших дуртай л хүмүүсийн фээсбүүк групп шүү дээ.

Үзэн ядалт бол Үзэл бодол биш. Халловины баяраар бараг бүүмэр ба жээнзи гээд ангийн тэмцэл сошиалд өрнөв үү дээ. Бид сошиалд нэгнээ шүүмжилдэг ч жил ирэх бүр улам харгис, улам зэрлэгшиж буй нь илт анзаарагдах юм. “Би казахуудыг үзэн яддаг, энэ миний үзэл бодол” гээд л зарлаж байх жишээний. Наадам эсэргүүцсэн ба дэмжсэн гэдгээрээ хуваагдаад л нэгнээ үзэн ядаад эхлэх жишээний. Хамгийн сүртэй хүний эрх яригчид хүртэл өөрийн мэдэлгүй “hate speech” постууд үйлдвэрлэж суудаг болж. Бууфэр улсын иргэд нэгнээ үзэн ядаж, хийрхэж туйлшрах буруу даа..

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)