"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Монголбанкнаас танилцууллаа. Мөн үеэр холбогдох албаныхан болон эдийн засагч, шинжээчдийн хэлсэн байр суурийг нэгтгэн хүргэж байна.

Б.Баярдаваа: Бараа бүтээгдэхүүний үнийн савлагаа иргэдийн амьжиргаа болон инфляцад нөлөөлж байна

Б.Баярдаваа (Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал)

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулах хүрээнд эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар товч танилцуулга та бүхэнд хүргэе. Нэгдүгээрт, гадаад эдийн засгийн болон дотоод эдийн засгийн орчинд нөхцөл байдал ямар байгаа гэдэг дээр мэдээлэл өгье. Гаднын хийгдэж байгаа судалгаа болон эдийн засгийн төлөв байдлаас хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна. Гадаад эрэлтийн төлөв таагүй нөхцөл байдалтай байх дүр зураг харагдаж байна. Учир нь геополитикийн улмаас гадаад эрэлт буурах нь тодорхой харагдаж байгаа бөгөөд худалдааны хязгаарлалт, тээврийн гацаа, хүнс болон эрчим хүчний үнийн хямрал зэрэг нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Түүнчлэн манай улсын эдийн засгийн том түнш болох БНХАУ-н эдийн засагт тэг ковид гэх бодлого цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Мөн үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор улс орнуудын мөнгөний бодлого чангарч байгаа нь бодит эдийн засаг дээр сөрөг нөлөө үзүүлэх нь. 2021 оны 12 дугаар сард 2022 оны эдийн засгийн өсөлтийн ерөнхий дундаж төсөөлөл 4.6 хувь байсан. Харин одоогийн байдлаар 2.8 болж буурч байна. Ирэх жилийн өсөлтийг өнгөрсөн жилийн эцэст 3.5 хувьтай төсөөлж байсан бол одоо 2.7, 2024 оных 2.9 хувьтай байхаар шинэчилсэн төсөөллөөс харагдаж байна.

Гадаад орчинд үүсэж байгаа дээрх нөхцөл байдал монголын эдийн засагт ямар үр дагавар үзүүлэхийг авч үзье. Нэгдүгээрт, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэл байна. Үндсэндээ аж үйлдвэрийн түүхий эд дээр үнийн шок орж ирж болзошгүй. Нөгөө талдаа, эрчим хүчний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь түүхий эд экспортолдог, эрчим хүчний импортолдог улс орнуудын эдийн засагт тодорхой дарамт үзүүлэх магадлалтай байна. Инфляц төв банкнуудыг зорилтоос өндөр байх төлөвтэй байна.

Дэлхийн санхүүгийн зах зээл дээр санхүүгийн нөхцөл их хатуурч байгаа. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ их хурдтайгаар өсгөж байгаа. Энэ оны төгсгөл хүртэл бодлогын хүүний төлөв 4 гарантай байхаар шинэ хүлээлт үүсэж байна. Хэдхэн сарын өмнө 3.2-3.4 гэж хүлээж байсан. Америкийн дотоод эдийн засгийг харахад, бодлогын хүүг цааш нь өсгөх орон зай байгаа санаа зовиноход хүргэж байна.

Энэ жил дэлхийн дундаж инфляц 8.2 хувьтай гэж хүлээж байгаа ч ирэх жилийнхийг 5 руу орж, буурна гэж хүлээж байгаа. Гэвч эрчим хүчний болон хүнсний үнийн өсөлт тодорхой бус байдал үүсгэж байна.

Монгол Улсын инфляц 2021 оны эхэн үеийнхээс дөрөв дахин өссөн байна. Үүнд гаднын нөлөөнөөс гадна хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шатахуун болон хатуу түлшний үнийн нөлөө байгаа. Мөн импортын болон дотоодын хүнсний үнэ өндөр өсөлттэй байгаа нь инфляц өсөхөд нөлөөлж байна. Улирлын шинж чанартай бараа бүтээгдэхүүний үнийн савлагаа иргэдийн амьжиргаа болоод улсын инфляцад чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Шийдвэрлэх арга нь мөнгө, хөнгөлөлттэй зээл биш. Харин нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгох бодлого барих шаардлагатай.

Н.Энхбаяр: Улсын төсвөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь импортыг өдөөнө

Н.Энхбаяр (Стратеги судалгааны хүрээлэнгийн эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн дарга)

Бодлогын уялдаатай байдал чухал. Хэдий бид төсөв ба мөнгөний бодлого гээд ярьдаг ч энэ бүх зүйл биш. Энэний цаана маш олон бодлого бий. Эдгээр бодлого уялдсан эсэх нь чухал. Бусад улс орноос ялгаатай нь манай эдийн засаг түүхий эдээс өндөр хамааралтай. Тиймээс манайх бус улсын эдийн засагтай адилгүй. Маш их савлагаатай байдаг. 2023 онд улсын төсвөөр маш их хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ нь гадаад талдаа импортыг маш их өдөөнө. Тодорхой зорилт гаргаад, ард нь үнийн дүн жагсаачихдаг, нарийвчилсан судалгаа алга. Энэ нь инфляц болоод валютын эрэлтэд хэрхэн нөлөөлөхийг 2024 оных дээрээ ч юм уу бодох хэрэгтэй байна.

Бид намар төсөв хэлэлцэх үеэр төсөв мөнгөний бодлого дээр анхаарч, ярилцсан. Гэхдээ энэ сайн байлаа гээд улс орны хөгжлийн бодлого зөв болохгүй. Хөгжлийн бодлогын суурь хэр тогтвортой вэ гэдгийг харах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдалд манай эдийн засгийн суурь байнга хөдөлж байдаг. Эдийн засгийн бүтэц зөв болоогүй. Их хэмжээний экспортоос хамааралтай улсын төсвийн мөнгөний бодлого савладаг учир хамгаалалт хэрэгтэй гэдгийг олон улсын байгууллагууд бидэнд сануулсаар ирсэн. Манай улсын жил бүрийн орлогоос тогтворжуулалтын төсөв рүү оруулж байгаа мөнгө дэндүү бага байдаг. Харин урсгал төсөв руу зарцуулж байгаа мөнгө хэтэрхий их байна. Тиймээс бид хуримтлал бий болгох шаардлагатай.

А.Энхжин: Монгол Улсад ажилгүйдлийн түвшин өндөр, эдийн засаг бүрэн бэхжээгүй байна

А.Энхжин (Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал)

Ирэх жилийн хувьд, эдийн засгийн нөхцөл байдал маш тааруу, эрсдэл өндөртэй байна. Он гарснаас хойш ам.доллар гол валютуудын эсрэг 16 хувь чангарсан байна. Энэ нь холбооны нөөцийн банкнаас хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой. АНУ-ын төв банк хүүгээ огцом, хурдтай нэмэгдүүлээд, энэ түвшинд удаан хугацаанд хадгалах бодлого баримталж байгаа. Бодлогын хүү нь одоо 3.25 хувь байгаа. Оны сүүл рүү 4.5 хувьтай болно гэх тооцоололтой байна. Хөгжингүй орнуудын хувьд, хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн идэвхжил нь маш сайн байгаа.

Монгол Улсын хувьд, ажилгүйдлийн түвшин өндөр, эдийн засаг бүрэн бэхжээгүй байна. Мөн Ковид19-ийн дараах хүндрэлээсээ бүрэн гараагүй байгаа учир Монгол банкны хувьд, эдийн засгийг зардлаа харгалзаж үзэх зайлшгүй шаардлагатай байгаа. Манай улсын хувьд,  2008 оноос хойш нөөцийн суурь валютын хүү маш бага байж ирсэн. Түүнчлэн 2010 оноос хойш эдийн засгийн эрчимтэй хөгжлийг голчлон зээлээр санхүүжүүлж ирсэн. Тиймээс цаашид энэ хэлбэрээр эдийн засгаа хөгжүүлэх боломж хязгаарлагдмал болж байна. Тэгэхээр бидний хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай байгаа.

Түүнчлэн ирэх жил бидний өмнө хүлээгдэж байгаа өр төлбөрүүдийг хэрхэн санхүүжүүлэх нь багагүй хүндрэл үүсгэж байна. Ирэх жил Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бонд, хувийн секторын өр төлбөр гээд 2023 онд хамгийн өндөр дарамттай жил байгаа. Энэ хүндрэлийг хэрхэн давах нь маш том сорилт юм. Тэгэхээр үүнд бэлтгэхийн тулд төв банк нөөцөө хүрэлцээтэй түвшинд хадгалах зайлшгүй шаардлагатай. Дунд, урт хугацаанд Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай нөөц, бололцоог хадгалах зайлшгүй шаардлагатай.

Ж.Дэлгэрсайхан: 2023 онд төсвийн зарлагын тэлэлт инфляц бууруулах зорилтод сөргөөр нөлөөнө

Ж.Дэлгэрсайхан (СЭЗИС-ийн багш)

Инфляц 2023 онд 6-8 хувьд хүрнэ гэдэг амаргүй. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, гадаад орны хүчин зүйл нөлөөлнө. Мөн манай улсын эдийн засгийн идэвхжилийн асуудал нөлөөлнө. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, түүнийг дагасан эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх түвшинд эдийн засаг хүчтэй халалт үүссэн асуудал ирэх онд гарахгүй байх гэж бодож байна. 2022 онд цар тахлын дараах өсөлт байна гэж харж байна. Гурав дахь үндсэн хүчин зүйл нь төсөв мөнгөний бодлого. Төсөв мөнгөний бодлого дээр Инфляц руу хандсан гэхээс илүү өөр өөрийн үндсэн зорилго руу хандсан бодлогыг Засгийн газар болон Монгол банк авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Уялдааны хувьд,  иргэдийн амжиргаанд ирж байгаа үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, иргэдийн орлогыг хамгаалах тал руу хандаж байгаа макро эдийн засгийн зорилгоороо эдгээр субъект давхцах нь зөв. Харин төсөв мөнгөний бодлого дээр дурдагдаад байгаа Монгол банкны мөнгөний хатуу бодлоготой уялдуулан, бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа нь шууд нэг нэгнээсээ хараат байдлаар үйл хөдлөл нь явагдаж байгаа мэт харагддаг. Энэ нь хүлээн зөвшөөрөхөөргүй харагддаг. Түүнчлэн 2023 онд төсвийн зарлагын тэлэлт нь инфляц бууруулах зорилтод сөргөөр нөлөөнө. Хэрэв болдог бол, бид төсвийг маш өндөр хэмжээнд танасан бодлого явуулаад, мөнгөний бодлогоо хэт хатууруулахгүй бол өнөөгийн эдийг засгийн нөхцөлд илүү зөв хослол болно гэж би харж байгаа. Гэвч төсөв нийгэм эдийн засгийн зорилтууд нь хөгжлийн бодлоготойгоо уялдсан эсэх нь ойлгомжгүйгээс гадна халамж, цалин хөлс, хөрөнгө оруулалтын тал дээр өндөр зарцуулалт байгаа нь инфляцын хувьд сөрөг дохио болно гэж харж байна.