Сангийн сайдын өмнөөс тоо өөрөө ярина

Монгол Улсын төсөв ирэх онд 20.5 их наяд төгрөг байхаар Сангийн яамнаас төсвийн төслийг боловсруулжээ. Өмнөх оны төсвөөс даруй 2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж орж ирсэн төсвийн төслийг хэлэлцэх явцад гишүүд болон олон нийт Сангийн сайдаас хэмнэлт шаардаж байна. Шударга сайхан сонсогдоно...

Гэвч энэ удаад төсөв нэмэгдэж орж ирсэн, бүр цааш цаашдаа ч төсвийн хэмжээ нэмэгдсээр байх болно. Нийтийн сайн сайхны төлөө төрөөс санхүүжүүлдэг зайлшгүй зардлууд хүн амын органик өсөлтийг дагаж цаашид ч өсөн нэмэгдсээр байх үнэнийг нуух боломжгүй. 

Энэ бол Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд шударга үнэн явдал. 

Тоог хуурч болдоггүй учраас Сангийн сайдын хувьд худал амлалт өгөх, хэн нэгнийг аргалж аргацаах бололцоо байхгүй. Үнэндээ бол Сангийн сайд нарын туулж ирсэн бэрхшээл нь энэ. Улсын төсөв батлах үеэр УИХ-ын гишүүдийн уур хилэн нэмэгдэж, тойрогтоо тавиулах төсвийн хөрөнгө оруулалтын хойноос тоогоор хөөцөлдөж, улангасч улайрдаг үе. Өдгөө хэлэлцэж байгаа ирэх оны төсвийн төсөлд тойргийн гэх мөнгө, шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалт тэглэгдсэн нь заримынх нь бухимдлыг төрүүлж байх шиг. 

Сүүлийн хорь шахам жил, тэр дундаа уул уурхайн тэсрэлтийн үеэс төсвийн зардлыг дураар нэмэгдүүлж, өдгөө “халамж хавтгайрлаа” гэж ад үзэгдэхүйц хэмжээнд авчирсан хүмүүс бол мөн л үе үеийн УИХ-ын гишүүд юм. Төсөв бол мөнгөөр дамжуулан улсыг удирдах бодлого гэж харахаас илүүтэй тооны араас хөөцөлдөж, тойрогтоо хуваарилуулах хөрөнгө оруулалт, өөртөө ирэх унацын хойноос улайрсан хэрэг. Энэ нь бизнес болтлоо хэлбэршиж, төсвийг эргэлтийн хөрөнгө шиг үзэх болсон нь нууц биш.Төсвийн зардал ДНБ-ий 37 хувьтай тэнцэж байна гэдэг эдийн засагт төрийн оролцоо, хамаарал өндөр байгааг илтгэх үзүүлэлт мөн боловч энэ байдал өнөөдөр гэнэт үүссэн мэт, өөрсдөө өчигдөрхөн тэнгэрээс буугаад ирсэн мэт гайхаж шогширсон улстөрчид Сангийн сайдыг парламентын гадна, дотноос шахаж байгааг харах гайхмаар. 

Эдийн засгийн нөхцөл байдал дэлхий дахинд таагүй, тааварлашгүй байдалд байгаа энэ үед өнөөгийн Засгийн газарт тоо уншдаг бараг ганц хүн нь сангийн сайд Б.Жавхлан. Улстөрчдийн нийтлэг жишгээр урт бөгөөд уран гоё ярьж чаддаггүй хүн бололтой. Ер нь сайдтай, сайдгүй тоо өөрөө ярьдаг зүйл юм. Тэр тусмаа худал ярьдаггүй. Учир нь тоо бол баримт. Баримт цаг нь ирэхэд “хэргээ өөрөө хүлээдэг” айхтар эд. Төсвийн зардал 20.5 их наяд төгрөг байгаагаас урсгал зардал нь дангаар 15 их наяд төгрөг байна. Энэ бол хувийн хэвшил авч явах боломжгүй нийтийн сайн сайхны төлөөх нийтлэг үйлчилгээгээ иргэд дундаасаа санхүүжүүлж буй хэлбэр буюу хот хөлөөгийн эмнэлэг, сургууль, цэрэг цагдаа, төрийн алба, тэдгээртэй холбоотой барилга байшин, үйл ажиллагаа, цалин хөлсний зардал багтсан дүн. Цаг үргэлж эдгээр үйлчилгээнээс иргэд чанар, сэтгэл шаардаж ирсэн ч цалин хөлснөөс цааш хөрөнгө, мөнгөөр дутагдаж ирсэн. Үндсэндээ татагнаж тавьсан төсөв байгаа нь энэ гэхэд буруудахгүй. Цаашид тэдний ажлыг үйлчилгээний тоогоор цалинжуулах хөшүүрэг рүү шилжихээр 2023 оны төсвийг төсөвлөөд байгаа нь энэ аж. 

Төрийн үүрэг нь Үндсэн хуульд тунхагласнаар бол гурван сая хүн амаа эрүүл, аюулгүй байлгах, сурч боловсрох орчноор хангах мөн боловч энэ үүргээ хэрэгжүүлэх нь тэнд ажиллаж буй хүмүүсийг цалин хөлсөөр тэтгэх явдал мэт болтлоо дарамт, доголдол авчирсан нь үнэн. Үүнийг цаашид төсвийн бодлогоор дамжуулан өөрчлөх зорилгыг Засгийн газар 2023 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төсөвт байгууллагынхны цалинг үйлчилгээтэй нь холбох аргачлалыг нэвтрүүлсэн гэсэн үг.

Мөн ирэх оны төсвийн урсгал зардал болох 15 их наяд төгрөгийн 4 их наяд нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, үүн дээр халамжийн сангийн зардлыг /хүүхдийн мөнгө багтана/ нэмвэл нийт урсгал зардлын 7 их наяд төгрөг буюу бараг хоёрны нэг нь халамж, тэтгэмж болж байна. Өндөр үү, өндөр.

Нийт зарлагын 26 хувьтай тэнцэхүйц буюу 5.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг ирэх жилийн төсөвт суулгаж байгаагаас 2.7 их наядыг. улсын төсвөөс, үлдэх хэсгийг концесс, зээл тусламж зэрэг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэж байна. Өндөр үү, өндөр. 

Тэр тусмаа хөрөнгө оруулалтын зардлыг өмнөх оны төсвөөс өндрөөр төлөвлөөд байгаа аж.Үнийн өсөлт хоёр оронтой тоон дээр цогиж яваа энэ үед онолын дагуу Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа бол үүнийг инфляцийн эсрэг үр дүнтэй хөшүүрэг болгоё гэвэл мөн л онолын дагуу төсөв, сангийн бодлогыг хумих ёстой.Гэвч өмнөх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн барилга обьектүүдийн 86 хувийг зуун хувийн гүйцэтгэлээр дуусгах зорилгоор ирэх жилийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж оруулж иржээ. 

Яагаад?

Үнэнийг хэлэхэд төсвийн төслийг хэлэлцэн батлах явцад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ашиг сонирхол үйлчилсээр ирсэн. УИХ-ын гишүүд тойргоо тойлох явцуу эрх ашгаар төсөвт хандаж ирсний илрэл болох өмнөх нь дуусаагүй байхад дараа дараагийн шинэ хөрөнгө оруулалтуудыг эхлүүлсэн үрэлгэн байдал өнөөдөр ийм түвшинд хүрсэн хэрэг. 

Дуусаагүй ажлуудыг тэр чигт нь царцаалаа гэхэд инфляци өндөр өсөлттэй, төгрөгийн ханш эрс уналттай ийм үед жил дамнах тусам барилгын ажлын зардал өсч, анхны гэрээний үнээс хэтрэх эрсдэлтэй. Тийм учраас ирэх жилд хөрөнгө оруулалтын зардлыг эрс өсгөж, өмнөх ажлуудыг дуусган ашиглалтад оруулахыг зорьсон байна. 

Хоёрт гэвэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр дараа оноос энэ хэрээр чөлөөлөгдөнө гэсэн үг. Энэ нь бодлогын хөрөнгө оруулалтын орон зайг үүсгэж, үүгээр Шинэ сэргэлтийн бодлого, төлөвлөгөөг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж буй. Өнөөдөр инфляцийн 55 хувь нь импортын барааны үнийн өсөлтийн нөлөө гэж үзэж байна. Дэлхийн олон улс оронд инфляци яг адил өсөөд байгаа нь өөрсдөөс нь үл хамаарах гадаад орчны нөлөө юм. 

Англид гэхэд инфляци 9.9 хувьд хүрч 1982 оноос хойшхи хамгийн дээд хэмжээнд, АНУ-д 8.3 хувь хүрч, 1981 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлтэд, Австралид 6.1 хувь, 2001 оноос хойшх дээд хэмжээнд хүрчээ. Хятадын “Тэг ковид” бодлого, Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээний нөлөө улс орнуудын эдийн засагт үлэмж нөлөөлж байгаа ийм үед Монгол Улс цаашид гадаад орчны хамаарлаасаа аль болох гарах эрмэлзлийг илэрхийлээд байгаа нь Шинэ сэргэлтийн бодлого юм. 

Газрын тосны нөөцтэй ч дээд урсгал буюу олборлолт, борлуулалт нь Хятадаас хамааралтай, доод урсгал буюу жижиглэнгийн импорт нь Оросоос хамааралтай. Нүүрсний арвин нөөцтэй ч экспортын боомт, ачаа тээврийн нөөц нь хязгаарлагдмал. Эдийн засгийг энэ мэт хязгаарлаж байгаа хүчин зүйлсээ шийдвэрлэх гэсэн Шинэ сэргэлтийн бодлогод мэдээж хөрөнгө оруулалт хэрэгтэй. 

Тийм учраас цаашид улсын төсөвт бодлогын буюу стратегийн хөрөнгө оруулалтын орон зайг гаргадаг больё. 

Халамж, тэтгэврийн бодлогоо одооноос шинэчилье, төсвийн том бүтцүүдээ өөрчилье гэдэг шахалт, шаардлагыг иргэд УИХ-ын гишүүдэд үзүүлэх нь илүү шударга. 

Саалийн цагаар үнээ, тугалаа хаяад явдаг эхнэр бас байдаг аа гэдэг шиг улсын төсөв батлах цагаар Сангийн сайдаа “хөөчих” гээд байдаг гишүүдтэй болжээ. Төсвийн орлого нь зарлагаа санхүүжүүлж чадаж байгаа эсэх нь Сангийн яамны хариуцах асуудал. Харин бодлого хамтынх байх ёстой. Одоо тойрог руу биш бодлого руу анхаарах цаг болсон байх. Учир нь бид төсвөө 2 их наядаар ярьж асан 2000-аад оныг аль эрт ардаа орхисон. Улсын нийт төсвийн зарлага 2017 онд ДНБ-ний 27 хувьтай тэнцэж байсан бол ирэх жил 37 хувь болж байна. 

Нийт эдийн засгаа тэлэх, ДНБ-ээ өсгөх, нэг хүнд ногдох орлогын нэмэгдүүлэх бодлого руу очоогүй цагт улсын төсөв алдагдалтай гарсаар байх болно. 

Төсөв томорсоор байх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл

    0 0 Хариу бичих