Дэлхийн хүн ам “Цахим шилжилт, технологийн дэвшил, дижитал нүүдэл, аж үйлдвэрийн IV хувьсгал” зэрэг ойлголтыг өнөө цагт л бүрэн утгаар нь мэдэрч байна. Учир нь цахим сүлжээнд хоол хүнс, үзвэр үйлчилгээнээс эхлээд бизнес худалдаа, арилжаа наймаа хүртэл “бүрэлдэн тогтоод” буй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд цар тахал дэгдэж, иргэд хөл хорионд орсон. Мөн үеэр хүмүүс гэрээс гарч, хүн хоорондын харилцаанд орохгүйгээр, зайнаас буюу цахимаар хэрэгцээт бараа материалаа худалдаж авах арга зам эрэлхийлсэн. Энэ нь цахим худалдааны дэвшлийг хурдацтай өрнүүлсэн явдал болов. Эрэлт хаана байна, нийлүүлэлт тэнд бий. Иргэдийн дээрх хэрэгцээ уламжлалт бизнесийн арга өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстойг “жинтэй” анхааруулсан гэхэд хилсдэхгүй. Үүний улмаас худалдаа эрхлэгчид цахим орчинд бараа бүтээгдэхүүнээ борлуулахыг илүүд үзэх болжээ.

Цахим худалдааны гэмт хэрэг гаарч байна

Манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд цахим худалдаа хөгжлийн эрчээ авч, нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн өнгө аясаа тодорхойлсоор байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдаа түлхүү ашигладаг нь тогтоогдсон байдаг. Тэдгээрийн 55.7 хувь нь цахимаар гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг бол 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга зэргийг худалдан авдаг гэж хариулжээ.

Гэвч энэхүү эрэлт ихтэй зах зээлийг даган цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо огцом өссөн байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар бүртгэгдсэн цахим гэмт хэргийг тоо 2016 онд 916, 2018 онд 659 байсан бол 2021 онд 1400 болж нэмэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг дотроос цахим худалдааны залилан хамгийн их үйлдэгддэг бөгөөд олон иргэнийг хамардаг онцлогтой.

Иргэд цахим орчинд цагийг их өнгөрөөж байна. Гэмт хэрэгтнүүд үүнийг олзолж хууль бус үйл ажиллагаагаа явуулаад удаж байгаа. Тухайлбал, онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо зэрэг цахим гэмт хэргүүд эрчээ авсан. Ер нь онлайнаар бараа зарж иргэдийг залилдаг тохиолдол цөөнгүй байна. Захиалсан барааны урьдчилгаа гэж мөнгө аваад л алга болдог жишээ олон байна.

Цахим худалдааны гэмт хэрэг гаарч байгаа нь Монгол Улсад цахим худалдааны талаарх эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотой. Үүний улмаас иргэд эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч байна. Тиймээс цахим худалдааны талаарх эрх зүйн орчинг нарийвчлан боловсруулах, энэ төрлийн худалдаа эрхлэгчдийг бүртгэж, татвар ногдуулах зайлшгүй шаардлагатай юм.

Татвар тогтоох жишиг

Манай улсад цахим худалдаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэл, статистик байдаггүй. Гэтэл дэлхийн бусад орнууд цахимаар худалдаа эрхэлдэг иргэдийн мэдээллийг бүртгэж, хянадаг нарийн тогтолцоотой. Түүгээр ч зогсохгүй сошиал орчинд худалдаа эрхэлж, орлого олдог иргэдээсээ татвар авдаг улс ч цөөнгүй бий. Нэг жишээ дурдахад, цахим дэлгүүр ажиллуулдаг БНХАУ-ын иргэн Хуан Вэй гэх эмэгтэйг тус улсын хууль хяналтын байгууллагынхан татвараас зайлсхийсэн гэх хэрэгт буруутгаж, шийтгэсэн байна. Тэрээр “Viya” нэрээр онлайн дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд 2019-2020 онд борлуулалтын хувь тооцсон урамшууллаа нууж, цалин хөлсөө компанийн орлого хэмээн бүртгүүлэх зэргээр нийт 700 сая юанийн татвар төлөхөөс зайлсхийсэн аж. Тиймээс Ханчжоу хотын татварын албанаас түүнд 1.34 тэрбум юань буюу ойролцоогоор 210 сая ам.долларын торгууль ногдуулсан байна. Энэ жишгийн адилаар манай улс ч цахим худалдаа эрхлэгчдээс татвар авч, төсөвт орлого төвлөрүүлэх боломжтой.

Цахим худалдаа нь уламжлалт бараа зарах үйл явцтай зарчмын хувьд адилхан. Худалдаа эрхлэгчид орлого олж байна. Тийм учир татвар ногдуулах нь зүйн хэрэг. Нөгөө талаар, Монгол Улсад бараа худалдан борлуулж ашиг олж байгаа. Тийм болохоор цахим худалдаа эрхлэгчид татвар төлөх үүрэгтэй. Түүнчлэн тэд худалдан авагчдаа төлбөрийн баримт олгох ёстой. Ингэхдээ цахимаар QR код уншуулахаас гадна хоёр, гурван төрлийн аргаар төлбөрийн баримт олгож болно. Өнөөдрийн байдлаар цахим худалдаа эрхлэгчдийн татвар төлсөн байдлыг харуулсан судалгаа, баримт байхгүй. Учир нь худалдаа эрхлэгчдийн төлсөн татварыг цахим, уламжлалт гэж ангилсан бүртгэл алга.

Цахим худалдааны эрх зүйн орчин алга

Монгол Улсад цахим худалдааны талаарх эрх зүйн орчин хангалтгүй байна. Манайд одоогоор энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулсан тусгайлсан хууль, эрх зүйн акт байдаггүй. Харин өнгөрсөн онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам Азийн хөгжлийн банктай цахим худалдааны хууль эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнээс өөрөөр цахим худалдааны тухай хууль, эрх зүйн орчинд гарсан дорвитой ажил өнөө хэр өрнөөгүй байна. Тусгайлсан хуульгүй учир Монгол Улс цахим худалдаатай холбоотой маргаан, шийдвэрийг олон улсын гэрээ, конвенцын хүрээнд зохицуулж байгаа юм.

Хөгжингүй орнуудын цахим худалдааг зохицуулсан туршлага

Гаднын улс орнууд цахим худалдааг хариуцаж ажиллах ажлын хэсэг байгуулах, эсвэл зохицуулалт хийхдээ улс төрийн шууд нөлөөний хүрээнд эсвэл тусгай төрлийн институцийн хүрээнд үүсгэдэг байна.

Канад, Ирланд зэрэг улсын цахим худалдааны салбарыг зохицуулдаг хууль эрх зүй, төрийн бодлогоороо дэлхийд жишиг тогтоодог.

“Төрийн бодлоготой” Ирланд

1998  онд Ирланд Улс дэвшилтэт харилцаа холбоо, интернэт,  цахим худалдааны салбарт дэлхийн гол төв болно гэсэн зорилт тавьж стратеги боловсруулжээ. Энэхүү стратегийн хүрээнд тус улс нь Харилцаа холбооны зөвлөх хороо байгуулсан аж. Тус хороо нь Засгийн газартаа интернэт, цахим худалдааны талаар зөвлөгөө өгч, энэ төрлийн судалгаа хийх үүрэгтэй юм байна. Түүнчлэн тус хороонд хувийн болон төрийн байгууллагын дотоод, гадаадын мэргэжилтнүүд, шинжээчдээс бүрдсэн баг бүрэлдэхүүн ажилладаг аж. Хамгийн сүүлд дээрх хороо нь Засгийн газартаа дараах зорилтуудыг дэвшүүлэхийг зөвлөсөн байна. Үүнд Харилцаа холбооны зах зээлийг маш хурдтай чөлөөлөх, дэлхийн хэмжээний харилцаа холбооны болон интернэт операторуудыг урамшуулах, Ирландыг цахим худалдаагаар дэлхийд манлайлагч болгоход идэвхтэй ажиллах зэрэг асуудал оржээ.

“Нууцлал сайтай” Канад

Канад улс нь цахим худалдааны чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр илүү анхаардаг байна. Тухайлбал, 1998  онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор хувийн салбарын мэдээллийн нууцлалын талаарх хууль эрх зүйн орчныг санаачилжээ. Улмаар тус улсын Засгийн газар нь хэрэглэгчийн эрхийн нууцлалыг нэмэгдүүлэх зорилгоор криптограф,  хамгаалалтын бүрээс, хана, нууцлалын хэрэгслүүдийг бий болгодог технологийн хөгжлийг дэмжиж өнөөдрийг хүртэл төрийн бодлогоор урамшуулж ирсэн байна.