Ус амьтай бас амттай гэх ардын үг үнэний хувьтай. Түүгээр ч зогсохгүй усны амт, ашиг шим нь амьд организмын эрүүл мэнд, оршин тогтнолд чухал нөлөөтэй. Гэвч монголчууд ус гэх “шидэт шингэн”-ий шид, тусыг хайхрахгүй байгаагийн улмаас эрүүл мэнд, гоо сайхнаа гарздаж, амьдрах хугацаагаа “хумслуулсаар” байна.
“Ундны усны улмаас өвчлөл нэмэгдэж байна”
Газар зүй, байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан манай орны зарим бүс нутгийн иргэд эрдэс, хатуулаг ихтэй усыг ундандаа хэрэглэдэг бол зарим нутгийн амны ус нь эрдэсжилт хэт багатай байдаг. Үүний улмаас хүн амын дунд нутагшмал өвчлөл үүсэж байгааг эмч мэргэжилтнүүд онцолсоор буй. Тухайлбал, говийн аймаг, сумдын ус эрдэсжилт, хатуулаг ихтэй байдгийн улмаас тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн дунд зүрх судас, цусан хангамжийн эрхтэн тогтолцооны эмгэг болон хоол боловсруулах эрхтний өвчлөл зонхилдог. Харин хангайн зарим сум суурингийн ус эрдэсжилт хэт багатай байдаг аж. Тиймээс нутгийн иргэд бамбай булчирхай томрох, булчин сулрах, яс хэврэгших зэрэг өвчнөөр түгээмэл өвчилдөг байна. Өвчлөл ийн харилцан адилгүй байгаа нь амьдралын хэв маяг, цаг уур, орчин нөхцөл, хооллолт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй ч стандартын шаардлага хангахгүй усыг унданд хэрэглэж байгаа нь багагүй нөлөө үзүүлдэг нь судлагдсан байдаг.
Ундны усны чанараас хамаарч орон нутагт нутагшмал өвчлөл үүсэж байгааг нэгэн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр “Манайх усны хатуулаг өндөртэй аймгийн тоонд ордог. Аймгийн хэмжээнд хоёр л сумын ус Монгол Улсын усны стандартад нийцдэг. Тиймээс хүн амын дундах өвчлөл өвөрмөц, онцлогтой байдаг. Зүрх судасны өвчин болон цусан хангамжийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд манай аймагт элбэг. Мөн хоол боловсруулах эрхтний өвчлөл зонхилдог. Сүүлийн жилүүдэд хавдар нэмэгдэх хандлагатай байгаа. Түүнчлэн иргэдийн дунд шүлсний булчирхай болон шүдний өвчлөл их бий. Эдгээрийг усны чанартай холбоотой гэж үзэж байгаа. Аймгийн төвд усаа зөөлрүүлж, шүүх тоног төхөөрөмж байршуулсан. Харин сумдад энэ төрлийн төхөөрөмж одоогоор алга. Байгалийн усыг шууд унданд хэрэглэж байгаа учир эрдэс, хатуулаг өндөр” гэжээ.
Түүнчлэн усны найрлага нь эрүүл мэнд төдийгүй гоо сайханд ч нөлөөтэй. Тухайлбал, байгалийн усанд агуулагддаг өвөрмөц химийн элемент болох фторын ионы усан дахь хэмжээнээс хамаарч хүн амын дунд шүдний нутагшмал флюороз буюу шүд үүрэх өвчлөл бий болсоор байна. Улмаар шүд хорхойтож, шүдний паалан шарладаг аж. Түүнчлэн усны найрлага, элементээс хамаарч нүүр, биеийн арьс цоохортох, хуурайших тохиолдол ч бий.
Ус эрүүл мэндийг эмнэж ч, хорлож ч чаддаг
Байгалийн усанд 90 орчим химийн элемент байгааг мэргэжлийн байгууллагууд олж, илрүүлсэн байдаг. Тэдгээр эрдэс, бичил элементүүдийн агууламжаас усны эрдэсжилт болон хатуулаг хамаардаг аж. Харин хатуулаг, эрдэсжилтийн хэмжээ, харьцаанаас шалтгаалан хүний биед эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эрдэсжилт дотроо сульфат, хлорын ионууд, харин хатуулаг дотроо магнийн ион зонхилсон байвал хүний эрүүл мэндэд тохиромжгүй байдаг нь судлагджээ.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн УНУАС-ын эрдэм шинжилгээний ажилтан Т.Энхжаргал
Гидрокарбонатын буюу цэнгэг ус нь хоол шингээх, бодисын солилцоог сайжруулах, ясны эд эсийг бэхжүүлэх болон стресс бууруулж, тайвшруулах нөлөөтэй нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Харин эрдэс, хатуулаг нь хэвийн хэмжээнээс их эсвэл бага байвал эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй. Тиймээс говийн бүсэд амьдарч байгаа иргэд шүүсэн усыг цайндаа хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин уулын тунгалаг устай, хангай, тал хээрийн бүс нутгийн хүмүүс эрдэсжүүлсэн ус хэрэглэх нь зүй. Гэхдээ усны дээжийг шинжлүүлж, юуг шүүж, яаж хэрэглэхийг олж тогтоох нь чухал. Ер нь хүн бүхэн ууж байгаа усныхаа чанарт анхаарч, стандартын шаардлага хангасан ус хэрэглэх хэрэгтэй.
Ундны усны 30 орчим хувь нь стандартад нийцдэггүй
Манай улс ундны усандаа “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартыг мөрддөг. Уг стандартад усны найрлага дахь зохистой хэмжээг тодорхой тусгасан байдаг. Гэвч зарим бүс нутгийн ундны ус олон улсын төдийгүй Монгол Улсын усны стандартыг хангахгүй байна. Тодруулбал, төв суурин газар хэрэглэж буй ундны усны 30 орчим хувь нь дээрх стандартад нийцдэггүй аж. Нийт ундны усны 30 орчим хувь нь стандартад нийцэхгүй байгааг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, Доктор Б.Одсүрэн 1960 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаан дээр үндэслэн олж тогтоосон байдаг. Түүний мэдээлснээр, манай улсад 1000 мг/л-ээс их эрдэсжилттэй ус ашигладаг төв суурингийн 55 худаг, магни ихтэй ус хэрэглэдэг сумын төв 95, амны ус нь хатуулаг өндөртэй 55 сумын төв бий аж. Түүнчлэн фтор, натри, кальци зэрэг химийн элемент зохистой хэмжээнээс их байдаг амны ус хэрэглэдэг сум, суурин ч цөөнгүй бий аж. Энэ нь иргэдийн эрүүл мэнд болон гоо сайханд “заналхийлсээр” буй. Гэвч шийдвэрлэх түвшнийхэн дорвитой анхаарахгүй байгаагийн балгаар өнөө хэр иргэд “хортой” усаар ундаалсаар байна.

Шүүдэггүй шүүлтүүр
Зарим бүс нутгийн ус стандартын шаардлага хангахгүй байгаа учир шүүж эсвэл эрдэсжүүлж хэрэглэхээс өөр аргагүй. Гэвч үүнийг бизнес эрхлэгчид овжноор ашиглан усны хатуулаг, эрдэс шүүх шүүлтүүрийг орон нутагт байршуулах нэрээр “мөнгө цуслах” явдал гаарчээ. Шүүлтүүр байршуулж буй нь сайн хэрэг. Гэвч усны дээжийг шинжилж, ямар элемент их эсвэл бага байгааг олж тогтоох нь хамгийн чухал. Улмаар усны найрлагад тохирсон төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай юм. Гэвч бизнес эрхлэгчид мөнгө олохыг урьтал болгож буйн балгаар шаардлага хангаагүй төхөөрөмжийг байгальд байршуулах нэрээр “булшилж” байна. Түүнчлэн аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар урсгал зардал байхгүй гэх шалтгаанаар төхөөрөмжийн шүүлтүүрийг сольдоггүй, засвар үйлчилгээ хийдэггүйн улмаас ихэнх шүүлтүүр ажиллагаагүй болжээ.

Бид монгол орны бүх сумдын усны чанарын судалгааг хийж байгаа. Улмаар сумдад очиж ажилласан. Очоод харахаар зарим сум усны шүүлтүүр тавьсан байдаг. Гэвч суурилуулаад л орхичихдог. Ингэхлээд хуучирч элэгдээд эвдэрнэ. Эвсэл хөлдчихдөг. Шүүлтүүрийн хугацаа нь дуусчихсан байх нь ч бий. Ер нь шүүлтүүрийг 5-6 сар тутам солих нь зүй. Гэвч урсгал зардал байхгүйн улмаар засвар үйлчилгээ хийдэггүй юм билээ. Хөдөө байгаа шүүлтүүрийн ихэнх нь ийм байдалтай байна. Тухайлбал, Сүхбаатар аймагт шүүлтүүр нь хэвийн ажиллаж байгаа хоёр л худаг байсан. Үүнээс гадна, төхөөрөмж суурилуулахаас өмнө мэргэжлийн байгууллагаар усны дээжийг шинжлүүлэх ёстой. Ямар элемент өндөр эсвэл бага байгааг тодорхойлох нь нэн чухал. Гэвч энэ ажлыг хийхгүйгээр шууд л шүүлтүүр байршуулж байна. Ийнхүү зөв шүүлтүүр онож тавихгүй байгаа нь тун тусгүй. Энэ үзэгдэл нийслэлд ч түгээмэл байдаг. Хүмүүс усыг шүүж л байвал болчихдог гээд ойлгочихсон байна. Үүний улмаас шүүх шаардлагагүй эрдсийг шүүгээд, усны чанарыг дордуулж байх ч боломжтой.
Хүн, мал хамт ундаалсаар байна
Усны найрлага, чанараас гадна хөндөх ёстой нэг асуудал бий. Өнөө хэр нэг голоос хүн, мал хамт ундаалдаг явдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал, Баянхонгор аймагт гэхэд цэвдгийн улмаас худаг ашиглах боломжгүй гурван сум бий. Тиймээс тухайн бүс нутгийн иргэд голын усаа шууд хэрэглэдэг. Зарим голын ус эрдэс багатай, химийн найрлага нь стандартад нийцдэг ч шууд унданд хэрэглэх нь олон эрсдэл дагуулдаг. Учир нь мал, амьтан туйлах, үер усанд автах зэрэг гаднын нөлөөний улмаар бохирдох магадлал өндөр.
Энэ мэт ундны усны асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Уг нь судалгаагаа, дүгнэлтдээ тулгуурлан ажил болгож хэрэгжүүлэхэд дааж, давашгүй их хөрөнгө шаардахгүй болохыг мэргэжилтнүүд өгүүлж байв.