Агаарын тээвэрлэгчдээ дэмжих, нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тарифыг бууруулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Мөн боомтын сэргэлтийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд хамгийн хямд тийзээр, аюулгүй, ая тухтай нисдэг байх бодлого баримталж байна" гэв.
Засгийн газрын хуралдаанаар агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ. Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах 145 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай, долоон хувийн хүүгийн дэмжлэгтэй олгоход Засгийн газраас 11 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүг хариуцаж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулж байгаа аж. Мөн Засгийн газрын хуралдаанаар “Орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах талаар авах зарим арга хэмжээний талаар” санал танилцуулж, зарим тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхийг зорьж байна гэлээ. Тухайлбал,
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2-т нэмэлт оруулах асуудлыг эрчимжүүлж, шийдвэрлэхээр тогтсон.
- Өнөөдөр нислэг гүйцэтгэж байгаа гадаад улсын нисэх буудалд шатахуун 1 тонн нь 1150-1280 ам доллар, Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа. Тэгвэл агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллараар буурах боломж бүрдэнэ гэж тооцож байна.
- Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй агаарын хөлгийн шатахууны үнийг 1 тонн тутамд 1.0 сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5%-8% буурах тооцоолол гарсан
- Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд улсын болон орон нутгийн төсөв, навигацийн орлогоос зохицуулалт хийх замаар татаас олгохыг шийдвэрлэхийг зорьж байна.
- Нийтийн тээвэрт нэг өдөрт 500 орчим сая төгрөг, жилд 180.0 тэрбум гаруй төгрөгийн татаас нийслэлийн төсвөөс олгодог. Тэгвэл орон нутгийн 9 чиглэлд тухайн орон нутгийн иргэдэд тийзийн үнийг 50 хүртэл хувиар хямдруулах зарчмаар татаас олгохоор тооцоход жилд олгох нөхөн олговрын хэмжээ 8 тэрбум орчим төгрөг байна.
- Зорчигчийн эрэлтээс хамаарч Өлгий, Ховдын чиглэлд долоо хоногт 3, Улаангом, Улиастай чиглэлд 2, бусад чиглэлд 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр татаасын хэмжээг тооцож, 2019 оны нислэгийн үзүүлэлтийг суурь болгон авч үзсэн болно.
- Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
- Агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр тогтсон.
- Авто тээвэр, төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг татвараас чөлөөлдөг, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг татвараас чөлөөлдөггүй.
- Тээврийн салбар хоорондын харилцан уялдаатай хөгжих, өрсөлдөх, агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын холимог тээврийн сүлжээг хөгжүүлэх, цахим борлуулалтад татварын нэгдсэн зохицуулалт шаардлагатай.
- Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бүрдүүлснээр жилд 3.1 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж тооцогдохгүй болж, зорчигчийн тийзийн үнэ найман хувиар буурахаар тооцжээ.
- Орон нутгийн агаарын тээврийг сэргээн тогтворжуулах дээрх зорилтуудыг хэрэгжүүлснээр тийзийн үнэ 50 хүртэл хувиар бодитоор буурах, зорчигч урсгал нэмэгдэх, нисэх буудлуудын ашиглалт сайжрах, агаарын тээвэрлэгчдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, улсын төсөвт татвар төвлөрүүлэх, зарим чиглэлийн нислэгийг сэргээх, төвлөрлийг сааруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж тооцож байгаа аж.