Зайсан хиллийн доторх орчинд сансар огторгуйн өнгө төрхийг бүрдүүлжээ. Гараг эрхэс болон онгоцны нисгэгч таазанд байрлах бөгөөд зааланд шинжлэх ухааны гайхалтай үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй явагдаж байна. Тухайлбал, онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд багачуудад зориулсан анхан шатны шалгалт, сансар огторгуйд жингүйдэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх виртуал технологи, хөрс шороогүй усанд ургадаг ургамал, өөрийн гараар пуужин бүтээн хөөргөж болох орчин, нөхцөл гээд төсөөллөөс давсан орчин угтлаа. Энэ өдөрлөг нийт 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 10:00-20:00 хооронд болно. Харин 20:00-22:00 цагийн хооронд одон орны мэргэжлийн дурангаар Сар болон Бархасбадь, Санчир гарагуудыг багахан төлбөрөөр тольдох боломжтой. Өдөрлөгөөс хоёр сайн дурын ажилтанг онцлон цөөн хором ярилцлаа.
Хүмүүсийг виртуал технологийн тусламжтай задгай сансар, галактик, Марс гарагт "зорчуулж" байна. Нарийвчлан хэлбэл, иргэн өөрийгөө задгай сансарт жингүйдэж байгаагаар харах бөгөөд чихэвчээр дамжуулан тухайн газрын мэдээллийг авах боломжтой юм. Нүд, чих мэдрэхүйн эрхтнээр дамжуулан сансар огторгуйд аялж байна гэсэн үг. Бид зөвхөн аравдугаар сарын дөрөв, зургааны өдөр Зайсан хиллд үйл ажиллагаагаа явуулна.
Ургамал зөвхөн хөрс шороонд ургадаггүй. Технологийн тусламжтайгаар усанд ч ургах боломжтой. Энэ нь элдэв янзын шимэгч амьтан үүрлэх, хажууд нь зэрлэг ургамал ургах зэрэг олон таагүй нөхцөлийг алга болгоно. Улмаар тухайн ургамалдаа ямар хэмжээний химийн бодис орсныг хянах боломж бүрдэнэ. Хиймэл гэрэлтүүлэгт ургадаг бөгөөд энэ нь цаг харгалзахгүйгээр тусдаг. Бид усанд ургадаг ургамлаас гадна үйлдвэрийн том техник тоног төхөөрөмжийн жижгэрүүлсэн хувилбар танилцуулж байна. Жишээлбэл, харуул, хөрөө гэх мэт багаж энд бий. Бид төхөөрөмжүүдийг үзэсгэлэн болгон гаргах бус хүүхдэд технологи дээр ажиллах, туршиж үзэх боломжийг олгож байна.