
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцжээ. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр "Маргааш 2023 оны төсвийн төслөө хуулийн хугацаанд багтаан УИХ-д өргөн барих шийдвэр гарлаа. Бид нэг жилийн өмнө 2022 оны төсөв ярьж байхдаа 2022 онд эдийн засаг өснө гэж их өөдрөгөөр төсөөлж байсан бол дайны нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн олон улс эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулсан. Бид урд хөршийн эдийн засгийг маш сайн ажиглах ёстой. Гэвч БНХАУ-ын эдийн засаг төсөөлж байснаасаа удаашралтай байхаар өөрчлөгджээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал, тодорхойгүй олон зүйл ирэх онд үргэлжлэхээр байна. Манай улстай ижил төстэй хөгжиж буй орнууд дараах макро бодлогыг жигд барьж байгаа. Мөнгөний бодлого хатуурч байна. Валютын ханш бол хоёр, гурав дахь асуудал. Улс орнууд эдийн засгийн аюулгүй байдлын гол суурь болдог валютын нөөцөө хамгаалах бодлого барьж байна. Үүнтэй уялдуулж төсвийн хумих бодлого барина. Улс бүр үрэлгэн зардлаа танах, хөрөнгө оруулалтаа зогсоох арга хэмжээ авч байна. Эдийн засгийн өсөлтийг царцаавал дараагийн өсөлтийг авч ирэх өртөг өндөр болдог. ГШХӨ, болон мега төслүүдийг царцаж болохгүй. Бүх бололцоогоороо дэмжиж ажиллана. Бидний хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокноос улбаатай Монгол Улсын валютын нөөцийн хомсдол. Үүнийг богино хугацаанд засах бодлого барина. Хэрэв бид богино хугацаанд төлбөрийн тэнцэлээ сайжруулах арга хэмжээ авахгүй бол ирэх жил энэ шок улам гүнзгийрч маш хүнд байдал үүснэ. Тиймээс өргөн барих төсөвт том тохиргоо, засвар хийсэн.
Төрийн хэмнэлтийн хууль тавдугаар сард батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төсвөө батлуулж, төсвийн хүрээн гүйцэтгэлээ хийх анхны бүтэн жил нь 2023 он. Хууль батлагдсанаас хойш энэ жилийн батлагдсан төсвөөс даруй 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдсэн. 2023 оны өргөн барьж байгаа төсвөөс нэг их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломжтой. Бид эдийн засгийн өсөлтөө хангах, баялаг бүтээгчид, бодит эдийн засгаа дэмжих татвар, төсвийн бодлого хэрэгжүүлнэ.
Энэ жилийн төсвийн бодлогын нэг онцлог нь "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан шийдлүүдээ их дэмжсэн. Монгол Улс 3.5 сая хүн амтай мөртлөө нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд тал нь амьдардаг. Энэ нь түгжрэл, бухимдал, эдийн засгийн гацаа бий болгож байна. Үүнийг сааруулах зорилгоор татварын болон төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Үүнд: