ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаягласан ил захидал хэвлэлээр цацагдлаа.

Тус захидалд хууль хяналтын байгууллагыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнүүд хараа хяналтдаа байлгах болсныг онцлон тэмдэглэжээ. Мөн “гүйцэтгэх ажиллагаа”-г хүний эрх, гишүүний бүрэн эрх нэрийн дор улстөрчдийн хяналтдаа байлгадаг явцыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Цагдаа, тагнуул, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авдаг нь гэмт үйлдлийг шуурхай таслан зогсоох, нотлох баримтыг бэхжүүлэхэд саад учруулдагийг ч тэд захидалдаа дурджээ.

Цагдаа, тагнуул, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авдаг нь гэмт үйлдлийг шуурхай таслан зогсоох, нотлох баримтыг бэхжүүлэхэд саад учруулдаг

Тухайлбал, ил захидалдаа "... УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон. Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байгууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан.

Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх "гүйцэтгэх ажил" гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа. Тиймээс гүйцэтгэх ажлыг "Хүний эрхийг дээдлэх" нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна" гэдгийг онцлон дурдсан байна.

Түүнчлэн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн өөрчлөлтүүдийг баталж магадгүй байгааг Ерөнхий сайдад хатуу сануулжээ.Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхий сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, шударга тогтолцоог бий болгоно гэдэгт итгэжээ.