Владимир Путины зарлигаар ОХУ-д хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлсэнтэй холбоотойгоор тус улсын хилийн бүх хэсэгт Оросоос гарахыг хүссэн иргэд автомашины урт цуваа үүсгэжээ.
Гүрж, Казахстан, Монгол, Финлянд, Казахстан, Гүржтэй залгаа хилийн боомтуудад олон мянган машин олон цагийн түгжрэл үүсгэн зогсож байгааг ВВС агентлаг мэдээлж байна.
Гүржийн хил дээр дараалалд зогсож байгаа Оросын цэргийн насны нэгэн эрэгтэй ВВС-д өгсөн ярилцлагадаа паспортноос өөр ямар ч ачаа бэлдэж амжилгүй шууд хил дээр ирсэн гэжээ. Зарим хүмүүс автомашинтайгаа дараалалд 7 цаг зогсож байгаагаа хуваалцжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хил дээр бөөгнөрөл үүссэн гэх энэ мэдээллийг хэт дэвэргэсэн, хуурамч мэдээлэл хэмээн мэдэгдлээ.
Одоогоор Оросын бүх хил нээлттэй, иргэдийг чөлөөтэй гаргаж байгаа ч хаах асуудал яригдах нь дамжиггүй гэж ажиглагчид үзэж байна.
Литва, Латви, Эстони улсууд Шенгений аяллын визээр нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Оросын иргэдэд хүмүүнлэгийн виз олгохгүй гэдгээ мэдэгджээ.
Хил дээр бөөгнөрсөн автомашины цуваанаас гадна Оросоос визгүй зорчих орнууд руу нисэх ойрын өдрүүдийн бүх нислэгийн тийз зарагдаж дуусан, үнэ нь хэд дахин өсжээ.