"Амьгүй" түгжрэл

Нийслэлийн иргэдэд нэн тулгамдаж буй асуудлын нэг нь яах аргагүй автозамын түгжрэл. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд замын сүлжээний даац хэтэрч, өнөөдрийн байдлаар автозамын ачаалал 2.5 дахин нэмэгдсэн. Энэ талаар үе үеийн хотын дарга толгой сэгсрэн ярьдаг ч дорвитой шийдвэр гаргаж, шийдэлд хүрч чадаагүй л байна.

Автозамын түгжрэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүний нэг нь буяны цуваа гэдгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар саяхан онцолж, олны шүүмжлэлд өртсөн. Бурхан болсон хүний шарил гаргах ажлыг замын түгжрэлийн гол буруутан мэт ярьсан нь учир дутагдалтай. Гэхдээ нас барагсдын шарилыг зөвхөн даваа, лхагва, баасан гарагт гаргадаг нь автозамын ачааллыг эрс нэмэхэд нөлөөлж байгааг тоо, судалгаа гэрчилнэ. Нарийвчлан авч үзвэл даваа, лхагва, баасан гарагт дунджаар 427 автомашин буяны цуваанд нэгдэж, замын хөдөлгөөнд оролцдог гэх дүн мэдээ байна. Хэрэв долоо хоногийн тогтсон хугацаанд л эл үйлийг үйлддэггүй бол автозамын ачаалал тодорхой хэмжээнд буурах боломжтой.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс буяны цуваа их явдаг

Улаанбаатар хотод нас барсан гэх дуудлагын 70-80 хувь нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа моргт хүргэгддэг бөгөөд тэдгээр бурхан болоочдыг даваа, лхагва, баасан гарагт ар гэрийнхний хүсэлтээр гаргадаг байна. Чухам тус сондгой тоотой өдрүүдэд цогцос хадгалах газрын урд талын зам түгжрэх бөгөөд замын цагдаа шиг хөдөлгөөн зохицуулагч ажиллаж байдаг. Иймд түгжрэлийг бууруулахын тулд тус хүрээлэн нь УНТЭ, Цусны төвтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр мухар байсан замыг сэтэлж нээж байлаа. Гэсэн ч тус хүрээлэнгийн урд талын зам даваа, баасан гарагт түгжирдэг хэвээр байна.

ШШҮХ-ийн дэд захирал асан, цагдаагийн хурандаа Ц.Гантулга

Ер нь бол талийгаачийг гаргах цаг, өдрийн хуваарийг бид тогтоодоггүй. Алтан хайрцаг нээсэн лам нь юу гэж айлдана түүгээр л болдог. Уламжлалт зан үйлтэй холбоотой энэ мэтийн нарийн асуудлыг хууль журмаар хатуу тогтоох боломжгүй учир бид ч үйлчлүүлэгчдийнхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн дагах хэрэгтэй болдог.  Үүрийн 04:00 цагаас талийгаачийг гаргана гэвэл бид тэр цагт нь тааруулж бэлддэг. 05:40-07:40 цагийн хооронд ч гэдэг юм уу ажил цуглахаас өмнө тухайн өдрийн бүх оршуулга гараад дуусчих тохиолдол байдаг бол зарим тохиолдолд 07:40-09:40 цагийн хооронд сүүлчийн замд нь үдэх зан үйлээ эхлүүлэх тохиолдол ч байдаг. Тиймээс аль болох хуваарь давхцуулахгүй байх зорилгоор салах ёс гүйцэтгэх дөрвөн танхим гарган иргэддээ үйлчилдэг. Манай ард иргэд ухамсартай хандан зөвхөн шарил авах машинаа шүүх эмнэлгийн хашаа руу оруулж, оршуулгын цуваанд дагаж явах бусад унаа тэргээ Япон Элчингийн ойролцоо ч юм уу, Хотын түргэний урд зам ч юм уу замын ачаалалтай бүсээс чөлөөлөөд хэвшчихвэл энэ хүндрэл улам л байхгүй болно. Зан үйлийн шинжтэй, нөгөөтээгүүр хагацал, уй гуниг тохиолдсон хүнд үед нь бидний зүгээс хатуу зохицуулалт хийж, төрийн дарамт үзүүлэх нь ёс зүйд нийцэхгүй шүү дээ

Төрийн шийдвэр үү, алтан хайрцгийн үг үү?

Өөд болоочийг эцсийн замд нь үдэх ёслол гэдэг угтаа бол талийгаачийг дурсан санах, бие цогцсыг нь тайван амгалан газарт нутаглуулах, сүнсийг нь амирлуулах, хагацал зовлон амссан ойр дотнын улсынхаа уй гашууг хуваалцах зүйл баймаар. Үүнийг хэт нүсэр болгож хүндрүүлж, элдэв зардал чирэгдэл нэмэгдүүлдэг хүчин зүйл лам нар, буяны цогц үйлчилгээний компаниудаас шалтгаалж буй нь хатуу үнэн. Энэ талаар Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Данзанжамц ”Монголчууд хүн нас барахад лам дээр очин алтан хайрцаг нээлгэдэг. Нээлгэхэд тухайн хүнийг наслах ёстой жамаасаа илүү насалсан эсвэл дутуу насалсан гэдгийг хэлж өгдөг гэсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй юм. Зурхайчид л тиймэрхүү зан үйл хийдэг биз. Би зурхайн ухааныг хүндэтгэдэг ч айхтар итгэдэггүй хүн” гэж байлаа.   

Гадны улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Алтан хайрцаг нээх” зан үйлийг их гайхан хүлээж авдаг бөгөөд Монголд түгээмэл дэлгэрсэн үзэгдэл гэж мэдээлдэг байна. Тэгвэл Монголд дэлгэрсэн алтан хайрцагт чухам яагаад даваа, мягмар, баасан гарагт бурхан болоочийг гаргадаг талаар зурхайч лам Данзанжамц хэлсэн юм. Тэрээр “Надад лам багш маань нас барсан хүнийг даваа, лхагва, баасан гарагт гаргаж байхыг зааж сургасан. Тийм ч болохоороо багшийнхаа зааж сургаснаар эрдэм номын мөрөө хөөж явна. Бурхан болоочийг мягмар, пүрэв гарагт гаргаж болдог эсэх талаар би сайн мэдэхгүй байна” гэв.

Чин үнэндээ лам хуврагууд оршуулах ёс гүйцэтгэх өдөр  яагаад заавал сондгой тоотой гарагт болдгийг өөрсдөө ч мэдэхгүйгээр сохроор дагадагт нэг том алдаа оршсоор байна. Түүх сөхвөл 1955 онд Төв хорооны шийдвэрээр сондгой тоотой ажлын өдрүүдэд буюу даваа, лхагва,  баасан гарагт өөд болоочдыг эцсийн замд нь үдэж байхыг тогтоосон захирамж гаргасан түүхтэй. Шалтгаан нь тэр цагт Аж үйлдвэрийн комбинат Улаанбаатар хотын  хамгийн олон ажилтантай байгууллага байжээ. Тэр хэрээр өдөр болгон л хэн нэгнийх нь ар гэрт хагацал тохиолдоно. Тиймээс ачааны машин гаргаж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Энэ бүхнээс шалтгаалж  ажил үүргийг зохицуулах үүднээс дээрхи хуваарийг боловсруулж Намын төв хороо баталсан түүхтэй. Товчхондоо бол ийм л энгийн. Хотын авто замын ачаалал хэт ихэссэнээс Э.Бат-Үүл дарга машины серийн дугаараар хөдөлгөөнд оролцох, хязгаарлах журам баталсантай л агаар нэг зүйл байсныг иргэд төдийлөн мэддэггүй. Магадгүй дахиад 50 жил авто замын хөдөлгөөнд оролцох журам дээр дугаарын хязгаарлалтаар явагдсаар байвал сүүлдээ анх юунаас болж ийм журам горим тогтсоныг мэдэх хүнгүй болчхож болох л доо.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. muhar suseg gej ene dee. odoo buur nam lamaa ch yalgahaa baisan baih ni. Uunig olon niited senhruuleh ajliig lam nar uursduu hiivel zohino

    0 0 Хариу бичих