ОХУ Украин олзны хүмүүсээ солилцлоо

Энэ оны хоёрдугаар сараас хойш дайтаж байгаа ОХУ, Украин улсууд олзны хүмүүсээ солилцох томоохон ажиллагааг явуулжээ. Солилцоогоор Украины тал 215 цэргээ эргүүлэн авч оронд нь Оросын 55 олзны цэргийг хүлээлгэн өгчээ.
Олзноос суллагдсан Украин цэргүүдийн дунд гангийн үйлдвэр Азовсталийг хамгаалж байсан “Азов” үндэсний гвардын 108 дайчин багтаж буй. “Азов"-ыг ОХУ террорист бүлэг гэж үздэг.
Харин Орост хүлээлгэж өгсөн хүмүүсийн дунд Владимир Путины хамсаатан гэгддэг Оросыг дэмжигч Украины сөрөг хүчний намын дарга Виктор Медведчук багтжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард баривчлагдсан Виктор Медведчукийг эх орноосоо урвасан хэрэгт буруутган, 15 жилийн хорих ял хүлээж байсан юм.
Ганцхан Виктор Медведчукээр Украины 200 цэргийг солихыг Оросын тал зөвшөөрсөн гэдгийг Украины тал мэдэгдлээ. Харин ОХУ-ын талаас энэ ажиллагаатай холбоотой албан ёсны мэдэгдлийг хийгээгүй байна. Сүүлийн мөч хүртэл нууцалж байсан олзны хүмүүсийг солилцох ажиллагаа хэд хэдэн орны дэмжлэгтэйгээр явагдсан аж.