Он гарсаар 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 58 суманд 118 удаа, Нийслэлийн дөрвөн дүүрэгт дөрөв нь удаа бүртгэгдсэн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2021 оны мөн үетэй харьцуулахад 78.8 хувиар өсөж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9,917 га, хээрийн 1,250,910 га, нийт 1,260,827 га талбай өртсөн байна. Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд 5,252 хүн ажиллажээ.

Өнөөдөрийн байдлаар асаж байгаа ой, хээрийн гал түймэр:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлангийн голын Ягаан-Ам гэдэг газар ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
  • Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам 3 дугаар багийн Даваат гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2022.09.21-ны өдрийн 09:05 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09:30 цагт хөдөлсөн.    

Цурамд оруулсан ой, хээрийн гал түймэр:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Хүйтний гол гэдэг газар ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Орон нутгийн мэргэжлийн ангийнхан бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)