ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орондоо хэсэгчилсэн цэргийн дайчилгааг явуулах шийдвэр гаргаснаа өнөөдөр телевизээр албан ёсоор мэдэгдлээ. Украины дайнд нэмэлт хүч болгон илгээх цэргийн дайчилгааг өнөөдрөөс эхлүүлэх зарлигт тэрээр гарын үсэг зуржээ.
15 минут үргэлжилсэн түүний мэдэгдэлд ОХУ цэргийн асар их нөөцтэйг сануулж, цөмийн зэвсгээр заналхийлж байгаа дайсны эсрэг шаардлагатай тохиолдолд бүхий л арга хэмжээг авахаас буцахгүй гэдгийг хатуу анхаарууллаа.
Оросын арми 1000 км урт галын фронтод Украин Нато-гийн хамтарсан цэргийн хүчтэй нүүр тулгарч байгаа учир нөөцийн армийг дайчлах шийдвэрийг батлан хамгаалахын яамнаас нь гаргасан хүсэлтийн дагуу баталсан гэдгээ тэрээр хэллээ.
Гэхдээ зөвхөн зэвсэгт хүчинд алба хааж байсан, цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай иргэдийн дунд л цэргийн дайчилгааг явуулах аж. Харин оюутнуудыг цэрэгт татахгүй юм байна.
Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Украины Луганск, Донецк, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-д нэгтгэх асуудлаар явагдах бүх нийтийн санал асуулгыг дэмжинэ гэдгээ Путин хэллээ.
Путины дараа ОХУ-ын батлан хамгаалахын сайдын хийсэн мэдэгдэлд дурдснаар 300 мянга гаруй хүнийг цэрэг татлагад хамруулах юм байна. Энэ онд эхэлсэн Украины дайнд Оросын армийн 5937 хүн амиа алдсан албан ёсны тоон баримтыг Сергей Шойгу мэдэгдлийнхээ үеэр танилцууллаа.