Хорих ангиас суллагдаж буй залуучуудыг нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцох, өөрт холбогдох шийдвэрийг бие даан гаргах чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий "Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар батлаад буй. Зорилтот бүлгийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих хүрээнд хэрэгжүүлэх уг хөтөлбөрт хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гарахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Мөн хөдөлмөрийн дадал олгох, мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Ингэснээр нийгмийн амьдралд дахин хөл тавьж буй залуучууд богино хугацаанд ажлын байртай болох, өрхийн орлогоо дэмжих, цаашилбал хамт олон дунд төлөвших, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд суллагдсан залуучуудын 70-аас доошгүй хувийг сургалтад хамруулж, 50-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, дахин гэмт хэрэгт холбогдолтыг 10-аас доошгүй хувиар бууруулахыг зорьж буй гэж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.