Хөвсгөл аймгийн Их-Уул суманд малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд бог малын мялзан өвчин бүртгэгдсэн талаар аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлжээ. 

Тус аймгийн Рашаант суманд наймдугаар сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тэгвэл энэ сарын 15-ны өдөр зэргэлдээ Их-Уул суманд тус өвчний тохиолдол илэрчээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг есдүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хориглоод байна.

Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)