Сайн боловсрол, сайн сургуулийн төлөө бол бид нэг үеэ бодвол чамгүй хичээдэг болжээ. Өмсөж зүүхэд нь ч багагүй анхаардаг болж. Шалтгаан нь сайн хүн, цаашилбал “мундаг” хүн болгох. Мэдээж зүй нь зөв. Гэхдээ ээж, аав, эмээ, өвөө, асран хамгаалагч танаас асууя. Таны хүүхэд эрүүл байх нь чухал уу, алдартай хүн болох нь чухал уу. Ихэнх нь мэдээж эрүүл саруул өсөж торних нь чухал гэж хариулна. Бас хүүхдээ эрүүл байлгахын тулд сахар бага хүнс хэрэглүүлдэг, ам хамрыг зайлдаг, гарыг угаалгадаг, түргэн хоолноос аль болгох татгалздаг, шүдийг угаалгадаг гэж хариулна. Гэхдээ ээжээ, ааваа та хэдийнэ “оройтжээ”. Хүүхдээ амттанд дасгахын эхлэл болсон давсыг та өөрийнхөө амтаар дасгажээ.

Зургаан сартай хүүхэд болон та хоёрын амтлах мэдрэмж адил болов уу

Манай монголчууд хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн бор хоолонд оруулдаг. Гэхдээ хоолных нь давсыг тохируулахдаа 20, 30, 40, 50, 60, 70 хүрсэн буюу “насанд хүрсэн” өөрийнхөө амталгаагаар тохируулдаг. Үүнийгээ харамсалтай нь бид огт анзаардаггүй. Би ч анзаараагүй. Эргээд бодоход нээрээ л “Эхийн сүүнээс өөр амт мэдэхгүй тийм жаахан амьтанд яаж бодохоороо өөрийнхөө иддэгтэй адил давс өгч чаддаг байна аа” гэж бодогдох. Зарим аав, ээжүүд сахар өгсөн биш яав л гэж бодож магад. Гэхдээ давс түүнээс дутахааргүй их хор уршиг тарьж сахартай адил таны хүүхдийг амттанд донтох эхлэлийг тавьдаг юм байна.

Хүүхэддээ давсгүй зүйл өгвөл хүүхэд тань насанд хүрсэн хойноо химийн орлогчтой хоол амтлагч идэх дуршилгүй болно

Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав

2010 онд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчний шалтгааны улмаас нас барж байсан бол одоо 4-5 сая хүн нас барж байна

Хүүхэддээ багаас нь давстай хоол өгөх нь “гоё амттай” бүхэнд дурлах зүйлийн эхлэл болдог юм байна гэдгийг дээр дурдлаа. Тэгвэл давс их идэхийн өөр нэгэн “гай” нь зүрх судасны өвчлөлийн суурь шалтгаан болдог юм байна. Учир нь ДЭМБ-аас мэдээлснээр давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас 2010 онд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчний шалтгааны улмаас нас барж байсан бол одоо энэ тоо 4-5 сая болжээ.

ДЭМБ-аас хоногт 5 гр хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл Монгол Улсын 15-69 насны хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээ 10.5г буюу ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.1 дахин их, эрэгтэйчүүдийн давсны хэрэглээ эмэгтэйчүүдээс 2.9 граммаар илүү байна. 10 хүн тутмын долоо нь давс ихтэй амтлагч хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө, гурван хүн тутмын нэг нь давсны хэрэглээгээ бууруулах нь маш чухал гэж үздэг ч бид хэрэглэсээр байгаа.

Зөвхөн хоолноос авах давсны хэрэглээ нь хоёр дахин их байтал чихэрлэг гэж боддог ундаа, кофе, жигнэмэгээс хүртэл хүүхэд тань “давс”-ыг авч, хамгийн шорвог буюу давсны агууламж маш өндөр бэлэн гоймон, лаазалсан, утсан бүтээгдэхүүнийг хүүхдүүд “ууж” байна. Гэтэл та хэтрүүлэн хэрэглээгээ хүүхэддээ “өвлүүлсээр” л байна. Товчхондоо, давсны хэт их хэрэглээтэй аав, ээж, эмээ, өвөө та 1993 оноос хойш Монгол Улсын нас баралтын шалтгааныг тэргүүлж буй зүрх судасны өвчин хэмээх ангал руу давсаар дамжуулан хүүхдээ түлхчихлээ. Харин та өөрийн болоод гэр бүлийн давсны хэрэглээгээ багасгаж, хоногт 5 грамм ба түүнээс бага давс хэрэглэх юм бол цусны даралт ихсэлт, артерын даралт, зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, ходоодны хавдар, бөөр чулуужих эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үздэг.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг

Хоолныхоо давсны хэрэглээг багасгах нь хамгийн бага зардлаар хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй, олон хүнд хүртээмжтэй эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах энгийн алхам. Тэгвэл энгийн гэмээр энэ дадлыг хэвшүүлж гайхалтай хэмээн тодотгомоор үр дүнг бий болгожээ. Тодруулбал, 226-р цэцэрлэгийн багачууд давсгүй хоол идсэнээр 1-1.5 см өсөж, илүүдэл жингүй болж, багш ажилтнууд нь цусны даралтгүй болжээ. Сонгинохайрхан дүүргийн 226-р цэцэрлэг хүүхдүүддээ давсгүй хоол өгөөд таван жил болж буй бөгөөд одоогоор эцэг эхчүүдээ ч мөн энэхүү дадалд сургаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтанчимэгтэй ярилцлаа.

-Цэцэрлэгийнхээ хоолны давсыг ямар шалтгааны улмаас багасгахаар болсон бэ?

-Хүүхдийн өвчлөл болох аркет \яс сийрэгжих\, ходоод гэдэсний хямрал, хүүхдийн өсөлт хөгжилт \жин нэмэгдэх ба жин багасах\, дөрвөн багш ажилтны зүрх судасны өвчлөл, даралт ихсэх өвчин зэргээс шалтгаалж хоолны давсаа багасгасан.

-Хоолны давсыг багасгаад хэдэн жил болж байна вэ?

-Таван жил болж байна.

-Давсгүй хоолны цэсийг анх хэрхэн гаргаж байсан бэ. Одоо хэрхэн гаргаж байгаа вэ?

-Хоолны цэсийг анх эмч тогооч ярилцаж зохиож бсан бол одоо нярав, эмч, тогооч 3 ярилцаж меню гаргадаг болсон. Меню шинэчлэгдсэн  технологийн карт шинэчлэн бичиж ашиглаж байна. 5 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа. Нарийн ногоо түлхүү хэрэглэгдэх болсон

-Цэцэрлэгийн хоолны давсыг багасгасантай холбоотойгоор хүүхдүүд хоолоо голох асуудал гарч байсан уу?

-Эхний ээлжинд тамшаалах зэрэг үзэгдэл гарч байсан. Гэхдээ идэхгүй байх тохиолдол гараагүй. Одоо бол бүх хүүхэд идээд сурчихсан.

-Хоолны давсыг ямар хүнсний бүтээгдэхүүнээр орлуулж байна вэ?

-Сармис, сонгино, цагаан гаа, чинжүү, бууцай эдгээр хүнс, нарийн ногоогоор орлуулж хэвшсэн.

-Эцэг эхчүүдийн зүгээс давс багасгасантай холбоотойгоор гомдол санал ирдэг үү. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн зүгээс талархал ч гэсэн ирдэг байх?

-Гомдол ирээгүй. Харин ч дэмжиж гэртээ хоол хийхдээ яаж хийх талаар  тогооч нараас зөвлөгөө авдаг. Эцэг эхчүүдэд хоолны амталгаа хийлгэж зөвлөгөө өгдөг.

-Хүүхдүүдийн хоолны давсны хэрэглээг бууруулснаар ямар, ямар эерэг өөрчлөлт гарч байна вэ?

-Хүүхдийн өсөлт 1-1.5 см-ээр нэмэгдсэн. Илүүдэл жинтэй хүүхдийн тоо буурсан. Ажилчдын даралт ихсэх өвчин буурсан.

-Хүүхдүүдийн цэцэрлэгт идэх хоолны давсны хэмжээ буурсантай холбоотойгоор гэр бүлийнхэн нь давсныхаа хэрэгцээгээ буулгаж байгаа юу?

-Гэр бүлд нь зөвлөгөө, тараах материал тарааж өгсөнөөр мэдээлэл байнга солилцдог. Гэртээ хоёр халбага давс хэрэглэдэг айл одоо багасгаад тал халбага давс буюу 5 гр, сармис хэрэглэж сурсан жишээ бий гэх мэт олон айлд өөрчлөлт авчирсан. Эцэг эхчүүд маань цайгаа огт давсгүй хэрэглэж сурсан.

-Анх давсгүй хоол хэрэглэж эхэлснээс хойш нийт хэдэн хүүхэд давсны зөв хэрэглээтэй болж цэцэрлэгээ төгссөн бэ?

-2018 оноос хойш 349 хүүхэд буюу тэдний гэр бүл давс багатай хэрэглээ хэвшсэн байна.

-Хүүхдүүдийн хоолны давсыг багасгаснаар хүүхдүүд гэртээ идэж буй давстай хоолоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Анх гэрийн хоол гашуун байдаг гэж ярьдаг байсан. Одоо бол тийм зүйл ярихгүй байгаа. Яагаад гэхээр эцэг эхчүүдэд нь намар ороод ирэхэд нь \шинээр элсэж орсон хүүхдүүдийнхээ\ мэдээллээ өгчихдөг.

-Танай цэцэрлэгийн сайн туршлагаас бусад цэцэрлэг суралцдаг уу?

-Дүүргийн 50 гаруй цэцэрлэгийн эрхлэгч тогооч эмч нартаа энэ туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Мөн  НЭМҮТ-өөс Давс багатай үйлдвэрлэлийг дэмжигч байгууллагаар шалгаруулан батламж гардуулсан.

Б.Сүхцэцэг: Цайгаа давсгүй уудаг болсон

Цэцэрлэгийнх нь хоолонд давс хийхгүй болсонтой холбоотойгоор аав, ээжүүд ч давсны хэрэглээндээ анхаарч өөрчлөлт хийж эхэлжээ. Тэдний нэг төлөөлөл бол “Бэлтгэл А” бүлгийн Н.Мөнхжаргалын ээж Б.Сүхцэцэг юм. Тэрээр хоол хийхдээ “ахиухан” амтлагч хийдэг, цайгаа давстай уудаг байсан бол хүүхдээ дагаж өөрчлөлт хийн, гэр бүлээрээ давсны бага хэрэглээтэй гэр бүл болжээ. 14 хоног хөдөө ажилладаг нөхөрт нь анх гэрийнх нь хоол амтгүй санагддаг байсан бол одоо ажлынх нь хоол шорвог, давс ихтэй санагдах болжээ. Гэрийн эзэгтэй Б.Сүхцэцэгийн бөөр өвддөг байсан нь давс багатай хоол идсэнээс хойш өвдөхөө больжээ. Давс багатай хоолны зуршлыг суулгахын тулд 2-3 жил зарцуулсан бөгөөд бусдын “амнаас унах шахсан хоол” хэмээх тодотголтой хоолыг амтархан иддэг болжээ.

Бид мөн хүүхдийнхээ давсны хэрэглээнд анхаарч, амттанд дурлах эхлэлийг тавиагүй ээж Г.Ариунтуяатай хэсэг хором ярилцсан.

-Давсыг хэдэн нас хүртэл хүүхэддээ өгөөгүй вэ?

-Нэг настай хүүхэд өдөрт 5 мг давс хэрэглэх ёстой байдаг юм билээ. Тиймээс ой таван сар хүртэл нь давс болон чихэр өгөөгүй. Ой таван сартайгаас хойш жамц давс болон Солонгосын пробиотектой давс маш бага хэмжээгээр өгч байсан. Амтлагчтай хоол огт өгдөггүй.

-Давсыг юугаар орлуулж, хүүхэддээ ямар хоолнууд хийж өгдөг байсан бэ?

-Далайн байцааг ашигладаг байсан. Шөлний байцааг шөлтэй болон хуурай хоолонд жижиглээд, хуурай далайн байцаагаар нь кимбаб хийж, мөн далайн байцааг өндөг, будаатай өгдөг байсан. Давсны хэрэглээг нь нөхөхийн тулд далайн байцаа агуулсан жигнэмэг өгдөг байсан.

-Одоо хүүхэд нь хэдэн настай вэ?

-Сарын дараа хоёр нас хүрэх гэж байна.

-Давс ихтэй хоолыг идэж чаддаг уу?

-Одоо ч давс багатай хоол өгдөг. Заримдаа гадуур хооллоход амтлагч ихтэй хоол өгөхөөр тийм ч дуртай биш байдаг.

Зөвлөгөө: НЭМҮТ-өөс зөвлөж байна

Давсны хэрэглээг бууруулснаар,

-Цусны даралт багасна -Зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна -Амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдэрнэ -Ходоодны хавдар үүсэх эрсдэл буурна -Хаван, бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ

Хүүхдээ цэл залууд нь гэнэтээр "алдахгүй"-н тулд, эцэг эх та нас баралтаараа тэргүүлж буй зүрх судасны өвчлөл болоод бусад суурь өвчингүй байлгахын тулд давсаа багасгачих. Хүү тань 31 хүрлээ. Нэг наснаас нь эхлэн хэтрүүлэн давс өгсөн гэж үзвэл та хүүхдээ 30 жилийн турш хүүхдээ далдуур "хөнөөжээ". Хүүхдийн тань эрүүл мэндэд халдах хэдэн зуун эрсдэл байхад та л өөрийнхөө нэрийг татчих.