“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ хэлсэн нь бий. Энэ бол Үндсэн хуулийн утга учрыг, үнэ цэнийг ганцхан өгүүлбэрээр тодорхойлсон сонгодог жишээ. Гэвч тусгаар тогтнолын үнэ цэнэтэй Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, улмаар өдрийн дотор л өөрчлөлт оруулж “тоглодог” байдал энэ парламентын үед гарлаа. Тэр тусмаа Үндсэн хуулийг манах учиртай, сахиулан хамгаалах үндсэн үүрэгтэй Цэц энэ бүхэнд хутгалдан орсон нь бүр ч харамсалтай юм. Манаачийг ч бас манах учиртай гэдэг нь энэ ажээ.

ЦЭЦ БА УЛС ТӨР

Шуудхан ингэж дүгнэсэн нь Үндсэн хуулийн Цэц саяхан Үндсэн хуулийг өөрийг нь хяналаа. Угтаа бол УИХ-ын баталсан бусад хууль, тогтоолууд Үндсэн хуультай харшилдаж, зөрчилдөж байна уу гэдгийг л Цэц дэнслэх үүрэгтэй юм. Гэвч өөрсдөө хамгаалах учиртай Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Цэц гаргав. Шалтгаан нь УИХ-ын гишүүдэд “давхар дээл” өмсүүлэх ганц л зорилготой байсан юм. Тодруулъя. 2022 оны наймдугаар сарын 15-нд Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.  Энэ нь “Үндсэн хуулийг Цэц хянах эрхтэй юү”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянах эрх Цэцэд бий юү?” гэхчлэн хуулийн талаас олон маргааныг үүсгэсэн юм. Хуульчид ч үүнийг олон янзаар тайлбарласан нь бий.

Цэц өөрийгөө Үндсэн хуулийг хянах эрхтэй мэт үзсэн том алдаа гаргалаа. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн төсөлд УИХ Цэцийн саналыг хүсэхэд ямар ч хариу ирүүлээгүй байж ийнхүү аашилсан нь Үндсэн хуульт байгууллыг хамгаалах баталгаа болсон Цэцийг гутаав.   /Өдрийн сонин/

Тэгвэл байдал яагаад иймдээ тулав. Уг нь 1992 оны Үндсэн хуулиар иргэдийнхээ эрхийг хамгаалах, ардчилсан засаглалыг хангах үүднээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцүүлэх, тэдгээрийн эрх хэмжээг түүнд нийцүүлж хязгаарлахын тулд “Үндсэн хуулийн Цэц” гэсэн нэртэй Үндсэн хуулийн шүүхийг анх байгуулахаар хуульчилсан байдаг. “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль хэрэгжих баталгаа болдог учир Монголын төрийн дархлаа” гэсэн нь ч бий. Гэвч Цэц Үндсэн хуулийг манах биш “давхар дээл” нөмрөхийг хүссэн улстөрчдийн захиалгаар алх цохиод сууж байна. Шалтгаан нь Цэцийг улстөрчид томилдог, эсвэл Цэцийн гишүүдийг “тэтгэвэрт гарсан” улстөрчид дундаас томилдогтой холбоотой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бидний хамгийн их хүссэн зүйл бол иргэний үндсэн эрхийг хянадаг эрх мэдлийг Цэцэд өгөх, Цэцийн гишүүдийг дахин дахин томилогдох байдлаар барьцаалагдах худалдагдах байдлыг арилгах, ажилгүй сул суугаад улстөрчдийн даалгаврыг биелүүлдэг биш, иргэний үндсэн эрхийг хангахын тулд бүх хуулийн систем төрийн байгууллагын үйл ажиллагаан дээр шүүгч шиг ажилладаг хүмүүс байх хэрэгтэй. Шүүгч байхын тулд хараат бус байж, хэн нэгний гар хөлд гүйдэггүй байх ёстой. Нэр цэвэр байх ёстой. Гэтэл өнөөдөр ажиллаж байгаа Цэцийн гишүүд энэ шаардлагыг хангахгүй байна.

Үнэхээр ч өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг харахад улс төрд зүтгэж байсан, улстөрчдөд зүтгэж байсан гэж л хоёр хувааж болохоор байна. Цэцийн гишүүнд тавигдах учиртай хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлага хангахгүй хүмүүс ч цөөнгүй бий. Хуульч мэргэжилтэй ч хувийн бизнесээ хийж яваад Цэцэд ороод ирсэн хүн ч байгаа. Эндээс дүгнэхэд, Үндсэн хуулийн Цэцийг цэгцэлж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл, асуудлын цаад шалтгаан нь тогтолцоондоо, хуульдаа байна. Цэцийн гишүүн болох шалгуур нь тодорхойгүй учраас энэ бүх маргаантай шийдвэрийн эхлэл тавигдсан.

Үндсэн хуулийн 65.2-д Цэцийн гишүүн “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй...” хүн байна гэсэн шаардлага тавьсан нь асуудлыг тодорхой бус болгож, намын зүтгэлтэн, улс төрийн мэргэжилт гэдэг шаардлагын дор орж ирэх завшаан болж байгаа юм.

Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор гэгддэг хүн ч Цэцэд байсан нь саяхны л үйл явдал. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэц 30 жилийн түүхэндээ ашиг сонирхол нь харваас илт гишүүдтэй явсаар ирлээ. Манайхаас бусад, тэр тусмаа бидний үлгэрлэх дуртай Герман тэргүүтэй улсад Үндсэн хуулийн шүүгчээр хууль зүйн ухааны эрдмийн зэрэг цолтой, их сургуулийн багш, профессорууд болон өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүсийг томилдог шалгуур үйлчилдэг. Ялангуяа Үндсэн хуулийн шүүхийн гишүүн “өмнө нь ямар нэг улс төрийн албан тушаал эрхлээгүй байх” гол шалгууртай байдаг. Харин манайд эсрэгээрээ, тэтгэврийн насны улстөрчийг “тэжээдэг” газар болчихжээ.

ЦЭЦИЙН ШИЙДВЭР БА УЛСТӨРЖИЛТ

“Монгол хэлний товч тайлбар толь”-д “Цэц” гэдэг нь Юмны онч, цэц булаалдах, цэц харвах, цэц хэлэлцэх. Мөн буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь, бууны цэц үзэх хэмээн тайлбарласан байна. Тэгэхээр асуудлын ончийг олж мэргэн шийдвэрлэх гэсэн үгийн утгаар энэ үгийг оноожээ. Товчхондоо бол улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах утгыг бэлгэдэж, Үндсэн хуулийн Цэц гэж нэрлэсэн гэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ чиг үүргээсээ гажиж, улстөржсөн шийдвэр гаргадаг болсон. Сонгуулийн тогтолцоо хийгээд “давхар дээл” тойрсон асуудлаар Цэц ямагт өөр, өөр шийдвэр гаргаж байснаас үүнийг харж болно. Хамгийн сүүлийн жишээ болсон УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах болох, болохгүй эсэх асуудлаар л гэхэд Цэц хэдэнтээ эргэж буцаж байлаа. Түүх сөхье.

1999 оны  Үндсэн хуулийн анхны нэмэлт өөрчлөлтөөс “Давхар дээл”-ийг Үндсэн хуульд тусгах асуудал тусгалаа олсон. Гурван жилийн дотор дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн учраас бүрэлдэхүүнийг парламентаас тодруулах нь төр засгийн тогтвортой байдалд чухал гэсэн үндэслэл үүний цаана байсан. Цэвэр улстөрчдийн явцуу эрх ашгаас болж үүссэн хямралаа үндсэн хуульд тохож, улмаар парламентын гишүүн Засгийн газарт орж ажиллахыг зөвшөөрсөн нэмэлт, өөрчлөлтийг таван намын саналаар хийсэн. Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан ч УИХ хүлээж авсангүй. Харин Цэцийн дунд суудлын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэв. Харин дүгнэлтийг нь УИХ 15 хоногийн дотор хүлээж авч хэлэлцэлгүй асуудал гацаанд оруулав. Эцэст нь “дийлэнх олонхийн саналаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар Цэц хэлэлцэх бүрэн эрх байхгүй” гэсэн тайлбар өгсөн байдаг.  Харин 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулсан “МАХН-д давхар дээл” өмсөх хүсэлтэй хүн цөөнгүй байв. Ингээд нэгэн мэргэн арга олсон нь Цэцээс хүчингүй болгосон өнөөх заалтаа олонхидоо дулдуйдан ахин баталж, Ерөнхийлөгч хориг тавьсан ч, хүлээж аваагүй. Нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди ч удалгүй улс төрийн тохиролцоонд хүрч, хоригоо зогсоосон. Гэтэл яг ижилхэн заалтад жилийн өмнө хориг тавьсан Үндсэн хуулийн Цэц таг дуугай өнгөрсөн билээ.

Одоо ч энэ байдал өөрчлөгдөөгүй байгааг гурван жилийн өмнө буюу 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ онд хүчингүй болгож УИХ-ын гишүүдийг “давхар дээл” өмсгөхөөр болсноос бид харлаа. Угтаа УИХ-ын гишүүн давхар дээл өмсөх, эсэх, зөв буруу бол гучдугаар асуудал. Гол нь Үндсэн хуулийн Цэц энэ асуудлаар нэг байр суурьтай, нэг агуулгатай явах ёстой юм. Ялсан намын захиалгаар хөгжим тоглодог, хөх тэнгэрт захирагддаг бус гагцхүү Үндсэн хуульдаа үйлчлэх нь Цэцийн үндсэн ажил, үүрэг байлтай. Харамсалтай нь, Цэцийн эргэлзээтэй, будилаан хутгасан дүгнэлт дээрх маягаар хөвөрсөөр байна. Тиймээс Цэцийн гишүүдийн томилгоо,  шаардлагыг өөрчилж, хийдэг ажлыг нь тодорхой болгох хэрэгтэй юм.

Цэцийн дээр улс төрийн нам, бас хөх тэнгэр ч биш, ганцхан Үндсэн хууль л байх ёстой юм.

Энэ нийтлэлийг АНУ-ын ОУХА-гийн "Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн байр суурь бөгөөд АНУ-ын Засгийн газар эсвэл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.