36 жилийн дараах “Өнөр бүл"

Монголчуудын зүрх сэтгэлд “Гажиг” Гармаа, Цэрмаа дүрээрээ хоногшин үлдсэн “Өнөр бүл” киног “Хүлэгү Пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн хүрээнд дахин бүтээжээ.  Тэд “Эдүгээчилсэн Монгол кино” энэ төслийн хүрээнд монголын хуучны хит болсон олон шилдэг киног шинэчлэн найруулж, олны хүртээл болгох бөгөөд төслийнхөө гарааг 1980 онд бүтээгдсэн “Өнөр бүл” уран сайхны киногоор эхлүүлж байна.

“Өнөр бүл” уран сайхны киног 1980 онд зохиолч Д.Дожоодорж кино зохиолыг нь бичиж, найруулагч Д.Жигжид найруулан олонд хүргэсэн байдаг. 

Тэгвэл 36 жилийн дараа тус кино зохиолыг Т.Номуунзул шинэчлэн бичиж Соёлын тэргүүний ажилтан найруулагч С.Баттулга өнөө цагийн хэв маягт нийцүүлэн “Өнөр бүл: Өнөө цагт” хэмээн нэрлэж дэлгэцийн бүтээл болгожээ. Ингэхдээ Монгол орны хөгжил дэвшил, хүмүүсийн  харилцаа, санаандгүй нандин учрал зэргийг тодотгосон байна.

“Өнөр бүл” киноны гол дүрүүдийн тухайд Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн бүтээсэн гажиг Гармаад жүжигчин Д.Баттөмөр тоглосон юм. Харин анхны бүтээлийн Цэрмаагийн дүрд Гавьяат жүжигчин, дуучин Ц.Чулуунцэцэг  тоглосон байдаг бол энэ удаад түүний дүрийг сэтгүүлч бүсгүй дахин амьдруулжээ.

С.Баттулга: Хуучны киног шинэчлэн найруулах, сэргээх гэж л зорилоо

Найруулагч С.Баттулга хэлэхдээ “Би Д.Жигжид найруулагчийг давж гарах гэж, тэр чадварлаг уран бүтээлчтэй эн зэрэгцэх гэж энэхүү киног найруулсангүй. Зөвхөн хуучны киног шинэчлэн найруулах, сэргээхийг л зорилоо. Энэ кино тухайн нийгмийнхээ ямар нэгэн нам, засгийн магтан дуулаагүй нь бидний хувьд дахин сэргээхэд дөхөм байлаа. 36 жилийн өмнөх зүйлийг орчин цаг руу татаж хийж байгаа гэдгээрээ үйл явдалд нөлөөлөх нөлөөллүүд их байсан. ХХI зууны дэвшил гэхэд ядаж л гар утас гараад ирчихнэ. Дээр нь твиттер, фэйсбүүк гээд харилцаа холбоо шуурхай явагддаг болсон. Тухайн үед тийм зүйл байгаагүй учраас уулзахгүй байх шалтаг шалтгаанууд нь олон байсан бол өнөө цагт бүх зүйл амар, хялбар болчихсон. Тийм учраас үйл явдал, зохиолд яалт ч үгүй тодорхой өөрчлөлт оруулсан.  

Д.Баттөмөр: Шинэ цагийн шинэхэн Гармааг бий болгохоор хамтдаа зүтгэж ажилласан

“Бидний аав ээж, ах эгч энэ бүтээлээр хөглөгдөж байсан нь маргаангүй. Олонд хүрсэн хүний дүр дээр дахин ажиллахдаа түүнийг яг таг дуурайна гэдэг боломжгүй ажил. Тийм болохоор найруулагч, зохиолч, зураглаач, хамтран ажилласан жүжигчидтэйгээ өөрсдийн өнгө аяс өнцгөөр харж, шинэ цагийн шинэхэн Гармааг бий болгохоор хамтдаа зүтгэж ажилласан.  Бид өөрсдөө ч аль хүүхэд ахуй наснаасаа л үзэж, хүмүүжиж ирсэн энэхүү сайхан киног үзээгүй, мэдээгүй 1990-ээд оны хүүхэд, залуучууд бий. Тэгэхээр үзэж байсан мэддэг нь харьцуулж үзэх, үзээгүй нь шинэ соргогоор хүлээж авах болов уу гэж бодож байна. Магадгүй 2050 онд бидний энэхүү киног залуу үе шинэчлэн найруулахыг үгүйсгэхгүй. Тэр үед Улаанбаатар, киноны үйл явдал өрнөх орчин цаг үе дахиад л шинэ болох нь тодорхой. “Шадар гурван цэрэг”-ийг хэд хэдэн өөр улсад, өөр өнгө аяс, хэчнээн ангитай болгон шинэчилж, найруулагчид өөр өөрийн өнцгөөр харж дэлгэцийн бүтээл болгосон байдаг. Түүнтэй адил энэ кино мөнхөрч маш урт цаг хугацааг туулаасай. Тэгээд найруулагчид шүүрч авч бүтээл хийгээсэй хэмээн бодож байна.”

Б.Болормаа: Кино багийнхан анх Цэрмаагийн дүрийг санал болгон шалгуулж тэнцсэн

“Би сэтгүүлч мэргэжилтэй. Кино багийн уран бүтээлчдийн Цэрмаагийн дүрд шалгуулаад үзээч гэдэг саналын дагуу шалгуулаад азаар тэнцэж Цэрмаагийн дүрд тоглосон. Манай киноны баг маш сайн гар нийлсэн учраас энэ бүтээлийн ард би амжилттай гарсан. Урьд нь кинонд тоглож үзээгүй. Мэдээж би мэргэжлийн биш хүн учраас надад чадахгүй, мэдэхгүй зүйл их тулгарсан. Гэсэн ч найруулагчийнхаа зааврыг маш сайн дагасан учраас  амжилттай зураг авалтаа дуусгаад байна. Киноны зураг авалтын талбайд суугаад л үгээ хэлэхээр намайг найруулагч “Чи нэг л нэвтрүүлэгч шиг яриад байна” хэмээж байсан. Үүнээс өгсүүлээд маш их асуудалтай байсан ч кино багтайгаа тэр бүхнийг даван гарсандаа баяртай байна”

Ардын жүжигчин Г.Мягмарнаран: Энэ киног дахин хийнэ гэхэд надад газар хөдлөх шиг л болсон

“Би энэхүү кинонд үйлдвэрийн даргын дүрд тоглосон. Найруулагч С.Баттулга надад “Бид ийм кино хийх гэж байгаа. Та энэ кинонд үйлдвэрийн даргын дүрд тоглож өгөөч” гэдэг саналыг тавьсан. Би энэ киног яах гэж хийж байгаа юм. Ямар зорилготой юм бэ. Энэ чинь манай 80-аад оны үеийн буюу Монгол кино үүсч хөгжиж байсан тэр үеийн бүтээл. Тэр дундаа алтан үеийн дархан аварга Д.Жигжид гуай бүтээл. Ийм хүний тэгж сайхан хийсэн бүтээлийг энэ хүү барьж авч хийнэ гэдэг нь юу билээ. Энэ хүүд юун нь чамлалттай харагдсан юм бол гээд л ихийг бодсон. Би ч эн киног их дээдэлж байсан. Жигжид гуайг их хүндэлж байсан болоод ч тэр үү надад хууичнсаг үзэл байсан. Хуучны сайхан хит бүтээлийг дахин хийнэ гэхэд би цочирдон надад газар хөдлөх шиг л болсон. Энэ хоморгод оролцоод юу болох юм. Сүүлд нь муу хэлүүлэх байх. Сайн л хэлүүлнэ гэж байхгүй дээ. Үзсэн хүн яаж шүүмжлэх бол гээд л. Үнэхээр гайхал бишрэлийг төрүүлээд ингэж болдог юм байна гэдэг сэтгэгдэл төрүүлбэл ялна гээд ихийг л бодсон. Кино үйлдвэр ороод кино багтайгаа уулзан олон удаа ярилцсаны үндсэн дээр өөрийгөө олон дахин ташуурдаж ийшээ орох итгэл үнэмшлийг найруулагч, продюсер, залуу уран бүтээлчид гээд энэ бүх зоригтой залуусынхаа хоморгод нөмөр нөөлөгт туугдаад орчихсон.  Ямар ч байсан ичиж зовохгүй үзэхээр хэмжээний бүтээл болж чадсан байх аа”

Зургийн дарга М.Саранцэцэг: 36 жилийн өмнөх ба одоогийн бүхий л зүйлийг нарийн бодолцон ажилласан

“36 жилийн өмнөх Монгол Улс ямар байлаа. Өнөөдөр нийгэм яаж хөгжиж, цэцэглэн өөрчлөгдсөн бэ гэдгийг энэхүү бүтээл илүүтэй харуулсан болов уу гэж бодож байгаа. Тийм ч учраас зургийн даргаар ажиллах явцдаа 36 жилийн өмнөх ба одоогийн бүхий л зүйлийг нарийн бодолцон ажилласан. Өнөөдрийн хүмүүсийн үгийн сан хүртэл өөрчлөгдсөн шүү дээ”

Сонирхуулахад, дэлхийн кино урлагт олны таашаалд нийцсэн хуучны киног дахин бүтээж, дэлгэцнээ гаргах явдал өргөн түгсэн байна. Тухайлбал ОХУ-ын “Ийм нэгэн явдал” киног нэрлэж болно. Энэхүү киног найруулагч Эльдар Рязановын найруулгаар 1977 онд анхлан бүтээсэн байдаг. Харин 2011 онд найруулагч Сарик Андреасян дахин сэргээж дэлгэцнээ гаргасан. Монголын киноноос 1985 онд Балжинням найруулагч, найруулж олны хүртээл болгосон “Би чамд хайртай” кино байна. Тус киног 2010 онд найруулагч Б.Баатар үргэлжлэл хэлбэрээр дахин бүтээсэн байдаг.

“Өнөр бүл:өнөө цагт” кинонд нийт 150 гаруй уран бүтээлч оролцсон гэдгийг найруулагч С.Баттулга онцлов. Кино энэ сарын 15-нд бүх кино театруудаар нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Одоогийн үзэгчид хөдөөний тархиа угаалгасан оюутан, ажилгүйчүүд тэдэндээ тааруулаад урлаг нь гудамжны худлаа гэхэд дэндүү худлаа жүжиглэлт маасралт, яандаа хэдэн халтар төгрөг олох гэж сайхан уран бүтээлийг ой гутам зүйл болгосон байна. Ядаж хайран хөрөнгө цаг хугацаа, хэнд ч хэрэггүй баахан худлаа PR өөрсдийгөө хүндэлдэггүй үзэгчид байгаа цаг ийм муу зүйл их л гарах байхдаа

    0 0 Хариу бичих
  2. Chuluuntsetseiig bishiemui.yum 1 l chashiisen baihad hangalttai.tegeed ch BI chamd hairtai-2 ch geh shig yamar hachin yumnuud garch bailaa.toglooguid ni chin setgeleesee bayar hurgye

    0 0 Хариу бичих
    • tiim shu.chudriin gants morio avch uldsen uneheer alsiin bodoltoi,uhaalag busgui bn

      0 0

ЭНЭ ТУХАЙ