Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн даруйд түүний угсаа залгамжлагч ууган хүү хунтайж Чарльзыг албан ёсны ёслолгүйгээр шууд дараагийн хаанд өргөмжиллөө.
Бүтэн нэрэнд нь ордог Чарльз Филип Артур Жорж гэх өөрийнхөө дөрвөн нэрнээс аль нэгийг нь хааны албан ёсны нэр болгон сонгох боломжтой аж. Тэрээр Чарльз нэрээ сонгосноор түүнийг албан ёсоор III Чарльз хаан гэж дуудахаар боллоо.
Харин Диана гүнжийн дараа гэрлэсэн түүний хоёр дахь гэргий Камила хатан болж байна.

Хатан хаан II Элизабет 27 настайдаа хаан ширээнд заларч байсан бол түүний хүү Чарльз 73 настайдаа ийнхүү хаан боллоо.
Энэ нь Их Британийн хаант засаглалийн түүхэнд хааны сэнтийд заларч байгаа хамгийн ахмад залгамжлагч болж байгаа юм.

Хаан ширээ залгамжлагчдын дотроос хааны титмийг хамгийн удаан хугацаанд хүлээсэн Чарльз нь 1952 онд өөрийн эх Элизабетийг хаан ширээнд суух үед буюу гурван настайдаа угсаа залгамжлагч болж, есөн настайдаа Уэльсийн хунтайжид өргөмжлөгдөж байжээ.
Чарльзийг хааны сэнтийд залах албан ёсны ёслол энэ бямба гарагт болох төлөвтэй байна.
Чарльз хаан болсноор Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан өдгөө 2,4 тэрбум хүн амыг хамарч байгаа тусгаар тогтносон 54 орноос бүрдэх Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тэргүүн болох юм.