Өмнөд Солонгосыг дайран өнгөрч байгаа Хиннамнор хар салхи томоохон үер усны гамшгийг араасаа дагууллаа. Гамшигт хамгийн их хохирол амсаад байгаа Пухан хотод аврагчид барилгын газар доорх автомашины зогсоолд живсэн 7 хүний цогцсыг гаргаж, хоёр хүнийг эсэн мэнд аварчээ. Амьд үлдсэн хоёр хүн аврагчдыг иртэл таазанд бэхэлгээтэй шугам хоолойноос 12 цагийн турш зүүгдсэн аж.

Хохирогчид бүгд нэг байрны оршин суугчид бөгөөд зогсоолоос машинаа гаргахаар ороод харамсалтайгаар амиа алдсан явдалд гүнээ гашуудаж байгаагаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл илэрхийллээ.
Сөүлээс 200 км-ын зайд орших Пухан хотод хөрсний гулсалт үүссэнээс зарим байшин нурж, зам харилцаа эвдэрч сүйджээ. Өмнөд Солонгосын түүхэнд найм дахь том хар салхинд тооцогдож байгаа Хиннамнор салхи Пуханаас гадна Чэжү, Бусан, Улсан хотуудыг дайрч ихээхэн хохирол учруулжээ.