Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлээд байна. Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид цөөнгүй байна.
Тухайлбал, Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нар нууц данстай нь илрэв.
Панамын мэдээлэлд УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр байгаа
Мөн улстөрчдийн хамсаатан, гэр бүлийн гишүүд оффшор бүсэд данстай бөгөөд нэг бус нэлээд хэдэн компанид хувь эзэмшдэг байх магадлалтай байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын мэдээлэлд УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр байгаа юм.
Мөн С.Баярын АНУ-д байдаг гэх олон тэрбумын үнэтэй хаусны асуудалд нэр нь дурдагдаж байсан эхнэр нөхөр болох Ч.Давааням, С.Шагдардулам нарын нэр ч бий.
Үүний зэрэгцээ Панамын материал олонд бүрэн эхээрээ цацагдахаас хэдхэн цагийн өмнө зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, Д.Батбаяр нарыг нууц данстай гэж мэдээлсэн. Гэтэл Монгол Улсын нэрээр илэрсэн оффшорчдын дунд тэдний нэр байгаагүй.
Гэхдээ энэ оргүй мэдээлэл биш байв. Д.Цогтбаатар, Сү.Батболд нарын хувьд оффшор бүсэд нэгэн цагт данстай байжээ. Үүнийгээ тэд өөрсдөө хэлсэн. Сү.Батболдын тухайд 2004 онд оффшор бүс дэх компанид 21 сая төгрөгөөр хувьцаа худалдаж авсан ч үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан тул жилийн дараа гарсан гэх. Харин Д.Цогтбаатарын тухайд Голландад оффшор компанитай “Оюутолгой”-н Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болж, нэрээ бүртгүүлж байсан гэнэ. Тухайн үедээ 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан гэж мэдэгдсэн.
Ямартай ч тэд оффшор дансанд нэгэн цагт мөнгөө хийж, өөрсдийн биеэр нэрээ бүртгүүлж явсан болж таарав. Тиймээс цаашид ахин өөр улстөрчдийн нэрс илрэхийг ч үгүйсгэх аргагүй. Учир нь бүртгэлтэй байсан гэх эдгээр хоёр эрхмийн нэр өчигдрийн дэлгэгдсэн жагсаалтад байгаагүй.
Ингээд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн материалд нэр нь багтсан олны танил дээрх эрхмүүдийн нууц дансны материалын тухай баримт түшин өгүүлье.
-Ч.Батзориг хамгийн олон данстай нь буюу долоон данс эзэмшдэг-
Монголын оффшорчдоос хамгийн олон дансыг давхардсан нэрээр Ч.Батзориг эзэмшдэг нь одоогоор ил болжээ. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Оффшорт мөнгөтэй бизнесмэнүүд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээр үргэлжилж буй. Харин энэ асуудалд түүний өмгөөлөгч Г.Төгсбаяр мэдэгдэл гаргав. Тэрээр “Иргэн Ж.Оюунгэрэл нь “Бату Майнинг” хэмээх Монгол Улсад бүртгэлтэй компанийн 10 000 орчим ам.долларын үнэ бүхий хувьцааг 2000 оны эхээр худалдаж авсан ч удалгүй бусдад борлуулсан. Иймд одоогийн байдлаар тус компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй болно” гэжээ.
Үүнийг үнэн эсэхийг хууль хяналтынхан нягтлах болов уу. Ямартай ч Ж.Оюунгэрэл нэгэн цагт оффшорт данстай байсан нь үнэн аж.
Мөн "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Б.Дэлгэрсайханы данс ил болсон юм. Түүнийг “Дорнын говь" ХХК-ийг үүсгэн байгуулсан, бизнесмэн гэдгээр нь манайхан андахгүй. Тэрээр 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989-1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад дээрх компаниа байгуулж байсан юм.
Харин улс төрчдийн гэр бүлээс оффшор бүсэд хөрөнгөтэй гэх иргэдийн жагсаалтад Сү.Батболдын ах байж болзошгүй С.Бат-Очир гэх хүн байна.
Энэ тухай Сү.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Оффшор бүсийн данстнуудын дотор багтсан С.Бат-Очирын данс ахынх нь мөн эсэхийг нягтлахыг хуулийн байгууллагынханд мэдэгдсэн. Мөн л үүнийг түүний ах мөн биш эсэхийг хууль хяналтынхан тогтоох үүрэг үлдээд байна.
Тэрчлэн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн нууц ноёнтнуудын эгнээнд багтсан гэж нэрлэгдэв. Ц.Сэргэлэн гэх хүний хувьд Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж.
Одоогоор Ц.Сандуй болон түүний дүүгийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа. Ц.Сандуй нь Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тэрээр энэ сонгуулиар МАН-аас НИТХ-д нэр дэвших аж.
Өөр нэгэн улстөрчийн гэр бүлээс нууц данстан илэрсэн нь Хотын дарга А.Бат-үүлийн хүү Б.Чулуудай юм. Тэрээр оффшор бүсэд данс нээлгэж байснаа хүлээн зөвшөөрсөн.
Үүнийгээ хуулийн дагуу хувь хүний эрхийнхээ хүрээнд 2011 онд нээлгэсэн бөгөөд хоёр жилийн дараа хөрөнгө оруулалт татаж чадалгүй дансаа хаалгасан хэмээн тайлбарлаад буй.
Үүнээс гадна С.Баярын охид Британийн Виржини аралд бүртгэлтэй “Gold Wellen INC”-д хувьцаа эзэмшдэг байж болзошгүй баримт дэлгэгджээ.
Б.Нандин гэх хүний хоёр ч дансанд Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлжээ. Мэдээллээс үзэхэд тэд Линнок Холдинг корпорациас хувь эзэмшдэг аж. Харин Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай “Гоулд Уеллен Инк” компанийн нэр дээр дөрвөн ч данстай байна.
Мөн үүнээс гадна Ч.Давааням, С.Шагдардулам нарын хувьд С.Баярын үнэтэй хауснуудыг худалдаж авсан гэх асуудалд нэр нь холбогдоод байсан иргэд. Түүнчлэн Ч.Давааням “Петровис” ХХК-ийг Ж.Оюунгэрэлийн хамт үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн захирал Д.Энхчимэгийн эцэг нь аж.
Тэрээр “Moon Land Investmens Limited” компанид давхар бүртгэлтэйгээс гадна дахин хоёр компанид хувьцаа эзэмшдэг юм байна.
Харин улс төрч асан хүмүүсээс "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр Сангийн сайд асан Я.Очирсүхийн данс илэрсэн. Тэрээр 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.
2013 онд түүний оффшор данс ил болоход тэрбээр “Иймэрхүү юм гарч л байдаг, намайг ямар зүгээр байлгах биш дээ. Ардын нам 2000 онд ялж, авлига цэцэглэснээс хойш сайд болж амьдралаа дээшлүүлсэн хүмүүст ард түмэн их атаархдаг болсон. Но-той зүйл бол төрийн өндөр албан тушаал эрхэлж байх үедээ тийм данс нээлгэж их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх юм. Миний хувьд төр, түмнээсээ хулгайлсан, идсэн уусан зүйл байхгүй гэдгийг дахин мэдэгдэж байна” хэмээн хэвлэлд ярьж байжээ.
-Одоогоор оффшор дахь данстнуудаараа МАН илүү байна-
Оффшор бүстэй нэр холбогдсон олны танил эрхмүүдийн ихэнх нь МАН-ын харьяалалтай байгаа юм. Тухайлбал, Д.Цогтбаатар, Сү.Батболд, Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар МАН-ын гишүүд. Мөн Ц.Сэргэлэн, Ч.Батзориг, С.Нандин, С.Бадамханд, С.Бат-Очир, Ч.Давааням, С.Шагдардулам нар МАН-ын гишүүдийн гэр бүлийн гишүүд, хамсаатан гэгдэж буй. Тиймээс тэднийг зарим эх сурвалж МАН-тай шууд холбон мэдээлж байна. Харин АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр нар оффшорын дуулианд холбогдоод байгаа.
-С.Баярцогтын нэр Хятад, Швейцарийн баячуудын дунд бичигджээ-
С.Баярцогтын хувьд оффшор гэдэг үгийг анх Монголчуудад танил болгож, энэ сэдвийг олны хараанд оруулсан анхны улстөрч. Түүний нууц данс анх 2013 онд илэрч байсан. Тухайн үед найзуудтайгаа нийлж, компани байгуулахаар нэг сая.ам доллар хадгалуулчихаад мартчихсан байсан гэх тайлбар хэлж, олны доог болж байв. Энэ удаад түүний нэр Монгол Улсын иргэдийн жагсаалт дунд байхгүй боловч Хятад болон Швейцарь улсын хайлтаар илэрч байгаа нь олны анхаарал татаад байна.
Тэрээр “Legend plus capital limited” компанийн нэр дээр 2008.05.27-оос эхлэн оффшор данс эзэмших болсон бөгөөд байршил нь “E-4 Selbe Hothon 7th Horoo, Sukhbaatar Dist Ulaanbaatar, Mongolia, China” хэмээн гарч ирж байна. Мөн хаягаа Хятадын Монголын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Сэлбэ хотхон, E-4 гэж бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтын нэр Хятадын баячуудын дунд бичигдсэн байна. Ингэхдээ тэрээр өөрийн нэрээ “Mr.Leo Shiu” гэх нэрээр оффшор бүсэд бүртгүүлсэн төдийгүй "Хятадын Монгол" гэх алдаагаа өнгөрсөн хугацаанд ч залруулаагүй бололтой.
С.Баярцогт өөрийн нэрээ “Mr.Leo Shiu” гэх нэрээр оффшор бүсэд бүртгүүлсэн төдийгүй "Хятадын Монгол" гэх алдаагаа өнгөрсөн хугацаанд ч залруулаагүй.
АН-аас ганцхан С.Баярцогт тодроогүй. УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр оффшор данстай гэх мэдээлэл ч гарсан. Энэ дуулианд тэрээр Японд хэрэглээндээ зориулан хэд хэдэн данс нээлгэж байсан бөгөөд зодог тайлснаас хойш 10 гаруй жилийн хугацаанд тэдгээр данснуудыг ашиглахгүй хаясан гэх тайлбарыг өгөв.
Д.Батбаярын хувьд оффшор данс гэдгийг гадаадад данстай байхыг хэлнэ гэдэг ойлголттой байгаагаа нуусангүй.
Оффшор данстнуудын хөрөнгийг хураах уу...
Оффшорын талаар хуульч, улс төрчид ийн үзэж байна.
Д.Энхбат: Улстөрчид оффшор дахь дүнгээ ХОМ-тээ бичээгүй бол гэмт хэрэг
Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Улстөрчид, төрийнхний хувьд оффшор дахь дүнгээ ХОМ-тээ бичээгүй бол том гэмт хэрэг. Оффшор данс бол энгийн. Татвар төлөхгүй, орлогоо нууна. Гэмт хэрэг мөн бишийг хууль хэлнэ.
Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог.
Харин тийм удирдагчтай байх эсэхээ та өөрөө шийднэ. Харин бизнесийнхэн дотоодын орлогоо нууж гадаадад буюу оффшорт байрлуулбал хэд хэдэн төрлийн гэмт хэргийн асуудалд ордог гэдэг. Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог. Хуулийн хариуцлага тусдаа яригдана” гэв.
С.Дэмбэрэл: Оффшор бол дэлхий дээрх татвараас зайлсхийх хууль ёсны арга
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Оффшор бол дэлхий дээр татвараас зайлсхийх хууль ёсны арга юм. Улстөрчид үүнийг нь ашиглах нь ёс зүйн хариуцлага. Onshore бий болгох хэрэгтэй. Ofshore гэж байгаа бол onshore гэж байх ёстой гэж хоёр жилийн өмнө УИХ дээр ярьж байснаа санаж байна. Татвараас зайлсхийхгүй орчныг бий болго гэсэн үг. Tax avoidance-Татвараас зайлсхийх, tax evasion -татвараас зугтах хоёр өөр ойлголт нэг нь хуулийн ойлголт нэг нь хуулийн дотор нөгөөх нь хуулийн гадуур” гэжээ.
Г.Батбаяр: Оффшор данстай нөхдүүдийг шалгаж, эд хөрөнгийг нь хураах шаардлагатай
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Хууль ёсны орлого гэдэгт улсаас олгож буй цалин, татварт бүртгэгдсэн эд хөрөнгө, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олдсон орлогыг ойлгоно. Иймд оффшор дансаар нэр нь ил болсон этгээдүүдийн олсон орлогын эх үүсвэрийг олж тогтоох зорилгоор ЭХ-ийн 2701 Хууль бусаар хөрөнгөжих" буюу 2701.1.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэснээр шалгах нь зүйтэй" гэв.
Худалдаа эрхлэх нэрээр халхавчланонц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Мөн гадаад оронд зохиомол компани байгуулж татвараас зайлсхийж хууль бус орлого олох гэсэн гэмт үйлдэлд нь ЭХ-ийн 162 дугаар зүйл. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах буюу ".. татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус орлого олох зорилгооор зохиомол аж ахуйн нэгж байгуулсан бол, онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгах шаардлагатай /ЭХ-ийн 29 дүгээр зүйлд зааснаар онц их хэмжээ гэж 38 сая 800 мянган төгрөгөөс дээшхи хэмжээг хэлнэ/ гэж заасан. Иймд Оффшор данстай нөхдүүдийг бүгдийг шалгаж, эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй” гэжээ.
Эрүүгийн хуулийн 270.1 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ" гэж заасан байдаг.
Оффшорчдод одоо ямар хариуцлага тооцож, хуулийнхан хэрхэн хөдлөх нь олны анхаарлыг татаж байна. Ямартай ч АТГ-аас мэдээллүүдийг нягталж байгаа бөгөөд улстөрчидтэй холбоотой татвараас нуусан, ХОМ-тээ тусгаагүй хүмүүсийн мэдээллийг тодруулах ажиллагаа явагдаж байгаа аж.