Дмитрий Песков: "Олон тооны сэтгүүлчид Орос улсын эсрэг, манай улсын төрийн тэргүүний эсрэг мэдээллийн халдлага үйлдэхээр зэхэж байгааг бид мэдсэн"

Тэгвэл мэдээлэл цацагдахаас яг долоо хоногийн өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нэгэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Удахгүй Оросыг харлуулах, В.Путины нэр хүндийг унагах зорилгоор сөрөг мэдээлэл цацагдаж болзошгүй. Олон тооны сэтгүүлчид Орос улсын эсрэг, манай улсын төрийн тэргүүний эсрэг мэдээллийн халдлага үйлдэхээр зэхэж байгааг бид мэдсэн. Зарим нь бүр эхнээсээ байцаалт, мөрдлөгө явуулна хэмээн сүрдүүлж байна. Хэрвээ тун удахгүй сэтгүүлчид В.Путины эсрэг сөрөг мэдээлэл цацвал бидэнд гайхаад байх зүйл алга. Энэ нь санаатайгаар, урьднаас зохион байгуулалттайгаар бэлдсэн зүйл байх болно. Мэдээлэл гарсан тохиолдолд бидэнтэй холбоогүй, ор үндэсгүй зүйлд тайлбар өгөх нь утгаггүй хэрэг. Тиймээс биднээс тайлбар хүлээх шаардлагагүй” хэмээн мэдэгдэж байсан.

Энэ нь ОХУ-ын эрх бүхий хүмүүсийг татвараас зайлхийсэн гэж харуулах далд зорилго агуулсан АНУ-ын Тагнуулын Төв Газрын ашиг сонирхолд үндэслэн хийсэн ажил хэмээн Ронэн Палан цохон тэмдэглэжээ

Тэр үедээ түүний энэ мэдэгдэл тийм ч их анхаарал татсангүй. Гэвч яг долоо хоногийн дараа олон улсыг шуугиулсан “Панамын материалууд” гэх дуулиант мэдээ гарч эхэлсэн. Гэвч дэлхийн нөлөө бүхий улстөрчид холбогдож зарим улсын удирдлагууд эхнээсээ суудлаасаа огцорч, хууль бус хөрөнгөтэй удирдагчаа эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал болох зэрэг олон үйл явдлууд ар араасаа өрнөж байсан тэр цагт Д.Песковын хэлж байсан мэдэгдлийг хэн ч дурссангүй.

Ронэн Палан: “Панамын материал нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд баримт материалууд шууд нотлогдсон анхны хэрэг болж байна. Энэ нь тоглоомын дүрмийг яаж ч өөрчилж болдгийг харуулж байна"

Мэдээлэл цацагдсанаас хоёр хоногийн дараа Лондонгийн Сити их сургуулийн Олон улсын улс төрийн эдийн засгийн профессор Ронэн Палан “Панамын материал нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд баримт материалууд шууд нотлогдсон анхны хэрэг болж байна. Энэ нь тоглоомын дүрмийг яаж ч өөрчилж болдгийг харуулж байна. Улстөрчдийг татвараас зайлсхийж, мөнгө угаасан гэх уг материалын нотолгоо нь тун явцуу, ядмаг шинжтэй. Оффшор данстай байх нь хууль зөрчсөн хэрэг биш, харин оффшор данс ашиглан татвараас зайлсхийх нь хууль бус үйлдэл юм” хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн уг хэргийн ард АНУ-ын Тагнуулын Төв Газар байх үндэслэлтэй бөгөөд алдагдсан материалд америкийн иргэдийн нэрийг хасч танилцуулсан нь ч үүнтэй холбоотой хэмээн үзсэн. Учир нь, америкчуудад болон америкийн компаниудад аюултай гэдгийг тэрээр хэлсэн байна. Үүнээс гадна, АНУ-аас гадна Европын улсуудаас уг хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг мөн л нууц материалаас хассаны дараа олон нийтэд цацсан аж. Энэ нь ОХУ-ын эрх бүхий хүмүүсийг татвараас зайлхийсэн гэж харуулах далд зорилго агуулсан АНУ-ын Тагнуулын Төв Газрын ашиг сонирхолд үндэслэн хийсэн ажил хэмээн Ронэн Палан цохон тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Панамын нууц материал задарсан хэргийн гол зорилго нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг асуудалд оруулах байсан гэж шинжээчид үзэж байна Гэвч тэд санасандаа хүрсэнгүй. Учир нь уг хэрэгт В.Путин өөрөө холбогдсон болох нь батлагдаагүй юм. Харин түүний багын найз, морин хийлч Сергей Ролдугины нэр дээрх хоёр тэрбум ам.долларын гүйлгээ бүртгэгджээ. Түүнд В.Путины хөрөнгө оруулалт хамаатай байж болзошгүй гэж үзсэн. Сергей Ролдулгин бол В.Путинтай дунд сургуульд байхаасаа найзалсан төдийгүй Ерөнхийлөгчийн охин Мариагийн загалмайлсан эцэг гэгддэг хүн. Харин С.Ролдулгины компани хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдынхаа нэр, хувийн мэдээллийг хамгаалж нууцлах эрхтэй гэсэн тайлбар өгснөөр дахин В.Путиныг энэ хэрэгт хамаатуулах боломжгүй болсон аж. Ингээд В.Путиныг унагаах биш, харин ч нууц данс эзэмшдэг өөр олон улсын улстөрчдийг илчилсэн хэрэг боллоо.

Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гарт ороод нэг жил болсон ч яагаад чухам одоо дэлгэж тавих болов? Үнэхээр гол зорилго нь В.Путиныг харлуулах гэсэн зохион байгуулалттай хэрэг байв уу? Маш нууцын зэрэглэлтэй 11.5 сая материалыг хулгайлсан гэх Дон Дөү гэж чухам хэн бэ? Тэрээр хэн нэгний захиалгатайгаар уг материалыг хулгайлсан байх боломжтой юу? Маш өндөр зэрэглэлтэй нууц материалыг ганц хүн хулгайлахад хэр хялбар байсан бол? Энэ мэт олон асуулт ар араасаа урган гарч ирж байна. Хууль бус данс эзэмшдэг дэлхийн олон улстөрчдийг илрүүлсэн нь сайшаалтай хэрэг боловч энэ бүхний ард аль нэг улсын ашиг сонирхол, захиалга, санхүүжилтээр дэлгэгдсэн байх таамгийг олон улсын судлаачид эхнээсээ дэвшүүлж эхэллээ.