Журмыг журамлах шаардлага

Хүн төрсөн цагаасаа эхлэн бичигдсэн, бичигдээгүй хуульд захирагдаж амьдардаг. Робинзон Крузо шиг эзгүй арал дээр гээгдэж хоцорчихоогүй л бол бид хуульгүй амьдрах боломжгүй юм. Монгол Улсад жилд 50 орчим хууль батлагдан гардаг гэсэн тооцоо бий. Шил шилээ даран батлагдаж байгаа эдгээр хуулиуд заасан хугацаандаа мөрдөгдөөд эхэлдэг гэвэл өрөөсгөл. Учир нь хууль батлагдах болгонд хэд хэдэн журам шинээр батлах шаардлага үүсдэг. Харамсалтай нь журмыг хуультайгаа зэрэг батлаад бэлэн болгочихдоггүйгээс болж хууль хэрэгждэггүй байдал хавтгайрсан. Энэ удаа батлагдаж буй хуулийн чанар, орц, найрлагын тухай бус хуулиас илүү “мэдэлтэй” журмын талаар хөндье.

Хэд сарын өмнө уурхайчид төв талбайд жагслаа. Тэд ажил хаялт зарлахад ойрхон байгаа гэдгээ анхааруулав. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарынханыг ажил хаях шийдвэрт тулж очиход хүргэсэн хүчин зүйл нь Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжихгүй байгаа явдал. Товчхондоо хууль дагаж батлагддаг олон журмаас зарим нь батлагдаагүйгээс болсон хэрэг. Хөдөлмөрийн тухай хууль яг нэг жилийн өмнө шинэчлэгдэн батлагдсан боловч дагаж мөрдөх журам болон цалин хөлс бодох аргачлал нь бүтэн зургаан сарын дараа батлагджээ. Үүнээс болж  уурхайчид илүү цагийн хөсөө авч чадахгүйд хүрсэн байна. Өдөрт ихэнхдээ 12 цаг ажилладаг тэд илүү ажилласан дөрвөн цагийнхаа хөдөлмөрийн хөлсийг нэхэж буй. Хэдийгээр хууль батлагдсан нэртэй боловч журмаа хүлээсээр амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байгаа энэ мэт жишээ олныг дурдаж болно.Одоогоос нэг жилийн өмнө Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаж Монголын киночид хуультай боллоо гээд хөл хөөрцөг болж, салбар толгойлсон сайд нь дэлхийн кино наадмуудыг хэссэн. Гэвч энэ хууль хэрэгжихгүй байна.Уг хуулийг дагаж найман журам батлагдаж үүний дараа “Кино урлагийн зөвлөл” 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдах учиртай ч одоо болтол энэ зөвлөл байгуулагдаагүй байна. Уг нь зөвлөлийн үүрэг, бүтэц чамгүй өргөн байхаар хуульд тусгагдсан юм. Тухайлбал, зөвлөл кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, кино бүтээх зардалтай холбоотой асуудалд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Товчхондоо энэ зөвлөл байгуулагдахгүй бол хууль баталсны хэрэг гарахгүй. Анх хуулийн төслийг хэлэлцэж байх үед нь агуулгад өнгөц дүгнэлт хийгээдбатлагдсаны дараа нь энэ хууль хэрэгжиж байна уу үгүй юу гэдэгт төдийлөн анхаарал хандуулалгүй орхичихдог нь бидний алдаа. Гэтэл үнэхээр хэрэгтэй хууль байсан ч энэ мэтээр хэрэгжилтийн шатандаа гацаж, журам хүлээж царцаж байдаг аж. Энэ нь нэг салбарын эсхүл нэлээд олон иргэдийн эрх ашигтсөргөөр нөлөөлдөг билээ.

Өөр нэг жишээ. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, олон улсын гэрээ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, сайд нарын тушаал шийдвэр, журмыг нэг бүрчлэн мэдээлсэн байдаг. Өнгөрөгч тавдугаар сард буюу эрх зүйн мэдээллийн санд мэдээлснээр хамгийн сүүлд “Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн сайн дурын бүртгэл хөтлөх” журмууд батлагдсан байна. Тухайлбал, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн сайн дурын бүртгэл хөтлөх журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баталсан байна. Оюуны өмчийн тухай хууль батлагдаад аль хэдийнэ хоёр жилийн нүүр үзэж буй авч холбогдох журам нь дөнгөж сая л батлагдаж байх жишээтэй. Энэ хооронд хичнээн зохиогч зохиогчийн эрхийн мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ өгч, журам батлагдаагүй байна гэдэг үгээр амаа таглуулсан бол. Бүхэл бүтэн хууль нэгхэн журмаас болж хэрэгжиж чадахгүйд хүрдэг энэ тогтолцоог яаж засах вэ.

Өнгөрсөн хавар төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгох шийдвэрт Засгийн газар хүрсэн. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ “Нийгмийн даатгалын буцаан олголт төсвийн тодотгол өргөн баригдсаны дараа тодотгол батлагдмагц буюу тавдугаар сараас эхэлнэ” гэж байсан боловч долоодугаар сар хаяанд ирчихээд байхад олгож эхлээгүй байна.Үүний шалтгаан нь өнөөх л журам. Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох журам хараахан батлагдаагүй байгаа учраас энэ шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа аж.

Энэ мэтээр журмаа хүлээгээд царцчихсан хууль, тогтоомжуудыг дурдвал дуусахгүй. Одоо манайд батлагдаж байгаа хуулиудад хэрэгжүүлэх механизм нь хангалттай сууж өгөөгүй. Тийм учраас дутуугаа нөхөхийн тулд сайд дарга нар журам баталж, хуульд нарийвчлан тусгаагүй зүйлсийг илүү тодорхой болгох үүрэг хүлээж буй.Ингээд журам яаж гарахаас тухайн хуулийн өнгө тодорхойлогдох бөгөөд хэрэгжих эсэх нь ч шалтгаалж байгаа олон жишээг дээр дурдлаа. Дагалдах журмууд батлагдахгүй хугацаа алдаж, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхгүй байна гээд энэ шатыг алгасаж, бүгдийг нь хуульдаа багтаан тусгаад нэр мөр батална гэвэл бас өрөөсгөл. Хүний амьдрал баян учраас ядаж үг, үсэг, өгүүлбэрийг өөрчлөх, засах, хасах, нэмэх шаардлага тулгарлаа гэхэд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас журамд засвар хийсэн арай хялбар. Тэглээ гээд энэ янзаараа журмаа хүлээгээд, хэрэгжилтээ удаашруулаад байж боломгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэн байж, олон шат дамжлагаар дамжин батлагдсан хууль ингээд үнэгүйдчихээд байвал хайран. Хууль нь батлагдаад хоёр жил болсны дараа дагалдах журам нь батлагдах тохиолдол байгаа нь зүйд нийцэх үү, бодох л асуудал.  Тиймээс үүнийг өөрчлөх хэрэгцээ байна. Ингэхдээ хуулийн дагалдах журмуудыг батлах хугацааг нарийн тогтоож өгөх шаардлагатай юм. Энэ тухай Хууль тогтоомжийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиудад нарийвчлан тусгаж, ямар төрлийн журмыг, хэн гээч албан тушаалтан хэдий хугацаанд бэлэн болгож батлах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хууль батлагдахтай зэрэгцээд холбогдох журмууд бэлэн болчихвол хууль мөрдөгдөж эхэлсэн цагаасаа л хүчин төгөлдөр үйлчилж, нийгэмд үүргээ жинхэнэ утгаараа гүйцэтгэж чадна.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)