“Даншиг наадам–Хүрээ цам" эргэн ирлээ

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн “Даншиг наадам–Хүрээ цам 2022" шашин соёлын наадам эргэн ирлээ. Нийслэлчүүд 2015 оноос эхлэн Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  тэмдэглэж эхэлсэн билээ.  

2015-1018 онуудад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байсан бол 2019-2021 онд завсарласан юм. "Даншиг наадам-Хүрээ цам 2022” энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр монголчуудын соёлын үнэт өв болсон Жахар цамын хурал хурж, “Хүрээ цам”  харайх ба Монгол түмний их шүтээн Очирваань бурханы тахилга хийх юм. Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно.

Түүх сөхвөл Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж иржээ. Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болжээ. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цамын ялгаа нь Дамдинчойжил бурхныг сахиусыг голлосон онцлогтой. Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай хэмээн сүсэглэдэг. 

Үүнээс гадна “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олон танигдсан. Энэ жилийн  “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна. 2018 онд тус наадмыг үзсэн 2400 жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй байгааг тодотгож байлаа. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс энэхүү наадам нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)