ОХУ-ын шүүх АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерийг мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутайд тооцож есөн жилийн хорих ял оноолоо. Мөн түүнийг хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж 1 сая рубль буюу 16,400 орчим ам.доллараар торгох шийдвэр гаргажээ.

Гринер өнгөрсөн хоёрдугаар сард Москвагийн нисэх буудлаас баривчлагдсан юм. Түүний гар тээшнээс мансууруулах тос бүхий электрон тамхины цэнэглэгч илэрсэн нь буруутгах үндэслэл болжээ. Гринер ОХУ-д хууль бусад тооцогддог бодис авч явснаа хүлээн зөвшөөрсөн ч санаатай үйлдэл биш, мэдээлэлгүй байснаас болсон хэмээн мэдүүлж байлаа. Тэрээр сагсан бөмбөгийн лигийн завсарлагаар Оросын клубт тоглох зорилготой Москвад ирж байжээ.

Түүнийг баривчлагдсанаас хойш Гринерийн хамаатан садан, багийнхан болон дэмжигчид түүнийг суллахын тулд бүх хүчээ дайчлахыг АНУ-ын засгийн газраас уриалж байгаа юм. Гринерын өмгөөлөгчдийн баг шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Жо Байден шүүхийн шийдвэрийг буруушааж,  тоглогчийг суллахыг шаардлаа.