“Нур-Султан-2022” Азийн АШТ-ий эхний өдөр манай гурван жүдоч медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрлийн төлөө барилдаанд БНХАУ-ын Гуо Зонюингийг торгуулиар цэвэр ялав.
ОУХМ Б.Хорлоодой 52 кг-ын жинд хүрлийн төлөө барилдаанд Узбекистаны Сита Кадамбоеваг торгуулиар цэвэр ялсан юм. Б.Хорлоодой үдээс өмнө нь хагас шигшээд дэлхийн хошой аварга алдарт Ай Шишимэтэй тун тэнцүүхэн үзэж “Golden score”-д вазари алдаж ялагдсан билээ.
“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 66 кг-ын жинд Азийн аварга болж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Ё.Басхүү эхлээд гоц мөргөж, 1/4 шигшээд АНЭУ-ын Гурам Завашвилиг вазаригаар, хагас шигшээд 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Мухриддин Тилововыг "Golden score"-д, финалд 2021 оны Парисын "Их Дуулга"-гийн аварга Японы Рёома Танакаг "иппон" буулгаснаар Монгол Улсаас жүдо бөхийн төрлөөр Азийн аваргаас 21 дэх алтан медалийг авчирлаа.