Мөрдөсний үнэ цэнэ
Өнгөрсөн жилийг хүртэл наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэрэг, цагдаагийн цол зүүчихдэг байв. Энэ явдал нь мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байсан тул Ерөнхийлөгч “номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй” хүнд цэрэг цагдаагийн өндөр албан тушаал олгох үйл явдлыг хориглох тухай зарлиг гаргаж байлаа. Тус зарлиг нь маргаантай байсан хэдэн асуудлуудыг шийдэж өгсөн ч хуулийн цоорхой гаргасан учир одоог хүртэл цолыг тойрсон маргаантай асуудлууд нийгэмд хэвээр буй. Үүнийг дуучин Б.Анхбаярт хугацаанаас нь өмнө хошууч цол олгосон явдлаас харж болно. Дуучинд хошууч цол олгосон явдалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд Б.Анхбаярт хошууч цолыг өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав дараах тайлбар хийсэн юм. Тэрээр “Бид Цэргийн албаны тухай хуулийн дагуу цол олгодог. Шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэнд амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгч болно. Энэ дагуу чуулгын даргаар томилогдсон дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга дэд хурандаа хүртэл цол олгох эрхтэй” гэсэн юм.
Цагдаагийн цол олгох журамд офицер, ахлагчид тодорхой шаардлага хангасан тохиолдолд хошууч цолыг олгох ёстой хугацаанаас нь өмнө олгож болно хэмээн заасан байдаг. Мөн цагдаагийн албан хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан цагдаагийн цол олгоно гэж журамд заасан. Ийнхүү хошууч цол олгох зохицуулалтыг нь хоёр талаас нь “тулгаж” өгсөн бөгөөд үүнээс үүдэн цол тойрсон маргаантай асуудлууд үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл хошууч цолын болзол хоёр өөр байна гэсэн үг.
Эл нийтлэлээр цэрэг, цагдаагийн алба хаагчдын цол олгох журмын цоорхой болон хэрэгжих үед маргаан дагуулдаг зүйл, заалтын талаар хөндлөө.
Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмын цоорхой
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч зарлиг гаргаж "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ыг баталсан талаар өмнөтгөлд дурдсан. Тэгвэл тус баталсан журамд агуулга, хэлбэр зүй талаас нэг цоорхой бий. Энэ нь дунд болон доод албан тушаалтнуудын эрхзүйн байдлыг улам дордуулсан бөгөөд дээд офицер, хурандаа, генерал гээд дарга нарын албан тушаал ахих боломжийг эрс дэмжсэн журам болсон юм. Зарим судлаачдын өгүүлснээр өмнөх журмаар гурван жил байсан дунд болон доод албан тушаалтнуудын цол хоорондын зайг дөрвөн жил болгож хугацааг нь уртасгасан хэр нь хурандаагаас дээш бол нэг жил болгож хэд дахин богиносгосон буй аж. Тодруулбал, ахлагчийн цэргийн цол хоорондын хугацаа 48 сар ба түүнээс дээш. Дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар ба түүнээс дээш, дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолны зэрэглэл бүхий албан тушаалд нэг жил ажилласан офицерт дараагийн цол олгуулахаар тодорхойлно гэж зааж өгчээ. Бас нэг эргэлзээтэй зүйл байгаа нь дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар гэж зааж өгсөн хэр нь офицер ахлагч өөрийн эдэлж байгаа цэргийн ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон бол цол хоорондын хугацаа хоёр дахин багасах боломжтой. Гэхдээ энэ боломж зөвхөн удирдах албан тушаалтанд хамаарахаар заасан байна. Тиймээс энэ журам нь дарга нарыг дэмжсэн агуулгатай гэж хэлж болно.
Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн энэхүү журам нь батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, тагнуул, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгоход хамаарах учраас мөрдөстэй байгууллагад ажиллаж байгаа хэдэн зуун мянган хүнийг хавтгайруулан эрхзүйн байдлыг нь дордуулсан гэхэд хилсдэхгүй. Энэ янзаараа бол ирэх 4-5 жилд энгийн алба хаагчид нь байрандаа үлдэж, энэ хооронд дарга нар нь 4-5 удаа цол нэмэх ажээ. Уг нь офицер, ахлагчид албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, мэргэжил боловсролын түвшин, цэргийн алба хаасан хугацаа, ажлын үр дүн, сахилга бат, ёс суртахуун, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн цэргийн цол олгодог. Гэвч цэргийн албаны наад захын эрдэмгүй “мэргэжлийн бус” албатууд мест ахих нь тодорхой боллоо.
Цагдаагийн цол олгох “тоглоомтой” журам
Цагдаагийн хуульд нэвтрүүлсэн өөрчлөлтүүд нь алсаа бодсон шийдэл байснаас биш хэн нэгний өдүүлсэн тоглоом байгаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч цагдаагийн цолны талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ тоглоом байсан юм уу гэлтэй сэтгэгдэл үлдэхээр байна. Энэ нь Хууль зүйн сайдаар томилогдсон хүн бүр цагдаагийн албан тушаалын цолыг олгох журмыгшинэчлэн баталж байсантай холбоотой юм. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам"-ыг 2015 онд шинэчлэн баталсан бөгөөд журамд нийцүүлж 1035 цагдаагийн цолыг бууруулж байв. Ингэхдээ нэг алгасуулан олгосон 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан бөгөөд бүгдийг журамд нийцүүлэх гэж хэргэм зэргийг нь бууруулсан юм. Дараагаар нь албан тушаалын цолд шилжсэнтэй холбоотой урьд хэрэглэж байсан цагдаагийн цол нь буурсан нийт 402 алба хаагчийн цолыг сэргээн олгов. Ингээд 19 цагдаагийн хурандаа цолыг, 113 цагдаагийн дэд хурандаа, 187 цагдаагийн хошууч, 65 цагдаагийн ахмад, 18 цагдаагийн ахлах дэслэгч цолыг сэргээсэн юм.
Одоо болъё
Цол нь гавьяа байгуулагсдад төр засгаас мялаах алдар юм. Нөгөө талаар хүний эзэмшсэн ур чадвар, ажлын дадлага туршлага, мэргэшсэн байдлыг илэрхийлдэг. Гэвч цэрэг, цагдаагийн цол олгох журам нь шинэчлэлт нэртэй олон батлагдаж улмаар журамд нийцүүлж буй нэртэй олон тооны алба хаагчдыг цолыг бууруулах, нэмэх өөрчлөлтүүд хийж байна. Энэ явдалд цолыг нь бууруулсан алба хаагч нар сэтгэл зүй болоод бие махбодиор хохирч байгаа бөгөөд журмын дагуу цол дэвшсэн ч шинэ журмын дагуу цол буурдаг гажиг тогтолцоо байгаа юм.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 2022/08/07
Цэрэг , цагдаагийн ямарч цол СТА тай адилхан болчихсондоо чааваас гэж
0 0 Хариу бичихЗочин 2022/08/06
Маш зөв асуудал дэвшүүлж дэмжигчдээсээ их хурандаа нарыг яахав монголын цэрэг болон цагдаад цолыг өөрчлөлт хийх цаг аль хэдий нь болсон 10м гүйж чадахгүй хурандаа гэдсээ унжуулаад зогсож байх гутамшиг бусуу бусад бүх офицер ахлагч гэсэн
0 0 Хариу бичихИргэн 2022/08/06
Цагдаа, Онцгой байдал Цалин багатай ажиллах хүн хүч ч байхгүй хэцүүхэн л алба болж байна даа
1 0 Хариу бичихЗочин 2022/08/05
Цагдаа,Онцгой байдлын албанд генерал цолтны хэрэг юу байдаг байнааа
2 0 Хариу бичих