Тэрэлжид амьдардаг иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн зургаадугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирснийг шийдвэрлэх үүднээс иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонсжээ. Тус хорооны иргэдийн хувьд газар эзэмшигчийн гэрчилгээг сунгуулахаас эхлээд орчин тойронд нь амралтын газар, аялал жуулчлалын баазууд олноор байгуулагдсанаар дуу чимээ, орчны бохирдол эрс нэмэгдсэнээс гадна иргэд, оршин суугчдын хашааны гарц, орцыг хааж хашаалах, түргэн тусламж, гал команд зэрэг төрийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсныг хэлсэн байна.

Мөн иргэд болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын газрын маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэхээр холбогдох мэргэжилтнүүдийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байлцуулан, иргэдийн бичиг баримт, газрын кадастрын зургийг газар дээр нь тулгаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дараа дараагийн шатанд шилжүүлэхээр болжээ. 

Байгалийн тусгай хамгаалалттай газарт аж төрдөг иргэдийн тулгамдсан асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Засгийн газраас анхаарч буй. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Налайх дүүрэг, зургаадугаар хорооны холбогдох мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, иргэдийн эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг Шадар сайдаас үүрэг болгожээ. Мөн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хороо, дүүргийн удирдлагууд болон бусад албаныханд үүрэг болгосон байна. Тус ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 6, 7-нд Горхи Тэрэлжийн иргэдтэй газар дээр нь очиж төрийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Ажлын хэсэгт БОАЖЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл ажиллах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)