"Фукушима-1" цөмийн цахилгаан станцад ашиглагдаж байсан усыг цацраг туяанаас цэвэршүүлж, далайд цутгах хонгилын барилгын ажил эхэллээ. Энэ тухай тус станцыг эзэмшигч Tokyo Electric Power (TEPCO) компани мэдэгджээ.
Барилгын ажлын явцад "аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, үйл явцыг тухай бүрд ил тод нь тайлагнана" гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ. Цөмийн станц байрладаг эрэг орчмын далайн ёроолд 1 км орчим урт хонгил өрөмдөх ажил нь хамгийн их цаг хугацаа шаардана. Хонгилын төгсгөл хэсгээс ус зайлуулах төхөөрөмжийг суурилуулах аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы засгийн газар Фүкүшима-1 станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн их хэмжээний усыг далайд цутгахыг зөвшөөрсөн билээ. TEPCO-ийн зүгээс цэвэршүүлсэн хэмээн мэдэгдэж буй ч станцаас гарч буй усанд тритиум агуулагдсан хэвээр байгаа юм.
Нийтдээ 1.25 сая гаруй тонн цэвэршүүлсэн ус станцын нөөцлүүрт хуримтлагдаад буй. Үүнийг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд цутгахаар төлөвлөж байна.