Даншиг наадмын үеэр хүүхэд хамгааллын 15 мэргэжилтэн Хүй долоон худагт ажиллана

Наймдугаар сарын 6, 7 буюу ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно. Энэхүү наадмын үеэр унаач хүүхдүүд болон олон нийтийн арга хэмжээнд оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс 15 хүнийг ажиллуулахаар болжээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Оюунтуяа энэ талаар хэлэхдээ "Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу наймаас доош насны хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй байгаа. Хуулийн дагуу наймаас дээш насны хүүхдүүдийг морин уралдаанд оруулна. Түүнээс гадна морь унах гэж байгаа хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл авсан байхын дээр даатгалд хамруулсан байх ёстой. Унаач хүүхдийн хувцас хэрэглэл нь стандартын шаардлага хангасан эсэх, хүүхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа эсэхийг лавлаж тодруулдаг. Хүүхэд айдас түгшүүртэй бол уралдаанд оролцуулахгүй байхыг уяачид, асран хамгаалагчдад зөвлөдөг.

Даншиг наадам бол олон нийтийг хамарсан арга хэмжээ. Олон нийтийн арга хэмжээний үеийн хүүхэд хамгааллын заалтууд бий. Жишээлбэл, морины бүртгэлтэйгээ нийлсэн гурван өдөрт хүүхэд төөрөх, осолдох гэх мэт болзошгүй тохиолдлуудад эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх хүртэл хүүхдийг хамгаалан ажиллана. Зөвхөн хурдан морь унаач хүүхдүүд төдийгүй баяр наадам үзэхээр очсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд давхар анхаарал хандуулж, хяналт хийж, зөвлөн тусалж, холбон зуучлах ажлыг хийхээр бэлтгэлээ хангаж байна. Хүй долоон худаг бол Сонгинохайрхан дүүргийн нутаг. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон манай нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 15 ажилтан, албан хаагчид ажиллана. Хүүхэд хамгааллын асуудал бол салбар дундын асуудал учраас бид Эрүүл мэндийн газар, даатгалын байгууллагуудтай хамтран ажилладаг" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)