Өмнөд Австралийн Аделаида хотод амарч явсан жүжигчин Дэв Пател хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсоож, хүний амь аварсан тухай CNN мэдээлжээ. Гудамжинд маргалдаж зодолдон улмаар нэгнээ хутгаар гэмтээхийг оролдсон хосыг Пател самбаа гарган салгаж, цагдаа эмнэлгийн тусламж ирэх хүртэл хэргийн газарт байжээ. 32 настай эрэгтэй цээжин тус газраа хутгалуулсан ч золоор амь насанд нь аюул учруулахааргүй бэртэл авч Royal Adelaide эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг гэмтээсэн 34 настай эмэгтэйг баривчлан саатуулаад байгаа юм.

Энэ үед Дэв Пательтай цуг явж байсан найзууд нь "Дев нөхцөл байдлыг соргог мэдэрч, хүчирхийллийг таслан зогсоохоор оролдсон" хэмээн Variety хэвлэлийн сэтгүүлчид ярьжээ.

Энэтхэг гаралтай жүжигчин Дэв Патель нь "Ядуусын хорооллын саятан", "Арслан" киногоор олны танил болсон юм.