АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнөөдөр Тайваньд айлчлал хийж магадгүй тухай мэдээлэл гарсны дараа Хятадын чөлөөлөх арми Өмнөд Хятадын тэнгис болон Бохай тэнгист цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Хятадын тэнгисийн аюулгүй байдлын албаны мэдээллээр Өмнөд тэнгист хийх цэргийн сургуулилалт бямба гараг хүртэл үргэлжлэх бөгөөд тухайн бүс нутгийн усан хилд нэвтрэхийг хориглосон байна.

Үүний зэрэгцээ, Бохай тэнгист пүрэв гараг хүртэл сургуулилалт хийхээ мэдэгджээ. Пелосиг Тайваньд айлчилсан тохиолдолд БНХАУ-ын арми зүгээр хараад суухгүй "хатуу бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авна" хэмээн өмнө нь мэдэгдэж байв. Харин Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби энэ айлчлалыг хямрал, мөргөлдөөн болгон хувиргахгүй байхыг БНХАУ-д анхааруулсан юм.