Бейонсе шинэ дууныхаа үгийг засна
Дуучин Бейонсе шинэ цомогтоо багтсан "Heated" хэмээх дууны үгийг засахаа амлалаа. Канадын рэппер Дрейктэй хамтран бичсэн уг дуунд тархины саажилттай хүмүүсийг доромжилсон утга илэрхийлсэн хэмээн олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм. Spazzing хэмээх үгийг дууны шүлэгт "галзуурам" гэх утгаар ашигласан ч энэ нь спастик буюу тархины саажилтын эмгэгийг илэрхийлдэг аж. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) тодорхойлсноор энэ эмгэг нь хүний булчин, ялангуяа гар, хөлөө хянах чадварт нөлөөлдөг юм.
Зургаадугаар сард дуучин Лиззо "Special" цомгийн Grrrls дуундаа дээрх нэр томъёог ашигласан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бухимдуулсан. Шүүмжлэл гарсан даруйд Лиззо уучлалт гуйж, дууны үгийг солин, хэзээ ч бусдыг доромжлох үг хэллэгийг сурталчлахыг хүсээгүй гэдгээ мэдэгдэж байв.