ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш өнгөрсөн зургаан сар орчмын хугацаанд экспортод гаргах ёстой байсан 20 сая тн үр тариа гацаад байсан. Экспортын үр тариа гацсанаар Араб, Африк зэрэг Украинаас тариа будааныхаа дийлэнх хувийг импортолдог улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийн зэрэгцээ хомстол үүсч, улмаар өлсгөлөн газар авахад хүрсэн.
Дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш анх удаа экспортын үр тариа ачсан хөлөг онгоц даваа гарагт замд гарлаа. 26,000 тн эрдэнэ шиш ачсан Сьерра Леон улсад бүртгэлтэй Разони ачаа тээврийн усан онгоц Украины Одесса боомтоос хөдөлсөн байна. Украин улсын Батлан хамгаалах яам ачаа тээврийн хөлөг онгоц замдаа гарсныг батлан мэдэгджээ.
Үр тариа, будаа ачсан үлдсэн 17 усан онгоц араас нь замд гарахад бэлэн байгаа аж. Хар тэнгист ОХУ тэнгисийн цэргийн бэхлэлт гаргаснаас гадна Украин улс олборлолт хийсэн учир зам нь тун аюултай. Тиймээс Украины чиглүүлэгч усан онгоц замчлахаар болсон байна. Разони ачааны онгоц өнөөдөр Истанбулын боомтод хүрэх ёстой. Тэнд зохих хэмжээний шалгалтыг давсны дараа аяллаа үргэлжлүүлнэ.
Нөгөө талаар хэлэлцээр Туркийн Истанбул хотод баталгаажсанаас хойш 24 цаг өнгөрөөгүй байхад Одесс боомт руу Оросын талаас бөмбөг дэлбэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тиймээс хэлэлцээр бүрэн хэрэгжиж дуусна гэдэг эргэлзээтэй хэвээр байгаа гэж өрнөдийн хэвлэлүүдэд бичиж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дөнгөж эхний хөлөг онгоц боомтоос хөдөлсний дараа тээвэрлэлт амжилттай болж байна гэж дүгнэн мэдээлэхэд хэтэрхий эрт байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.