Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: -Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадмын барилдаанд одоогийн байдлаар 25 гадаад бөх барилдах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ нь Тувагийн 15, Халимагийн дөрөв, Буриадын дөрөв, Өвөр Монголын хоёр бөх.

Нэгийн даваанд цол дуудна, дуудахгүй гэсэн асуудал гарч байна. Хувь хүн байр сууриа хэлсэн юм билээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас баталсан журмаар бол дөрөв юм уу, тавын даваанд дархан аварга цолтой бөх зодог тайлах хүсэлт гаргавал цолыг нь дуудаж есөн хөлт цагаан туг тойруулах зэрэг ёслолын арга хэмжээ зохион байгуулж болохоор заасан.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх өргөн барихдаа допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч цол олгох арга хэмжээ зохион байгуулахаар тусгасан байсан. Үүнийг өөрчлөөд хуучин заалтыг нь хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, 12-нд Ерөнхийлөгч зарлигаа гаргаж цол олгоно. Харин допингийн шилжилгээнд бүдэрвэл Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигаа цуцалж цолыг нь хураана.

Хурдан морины салбар хорооны дарга, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг: -Наадам эхлэхээс гурав хоногийн өмнө хурдан морьдыг бүртгэнэ. Уяачид маань 7, 8, 9-нд морио бүртгүүлэх ёстой. Хурдан морины комисс долоодугаар сарын 6-нд Хүй долоон худагт гарч байрлана.