Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд хаалгаа барьсан аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа энэ жилээс сэргэж эхэллээ. Ийнхүү аялал жуулчлалын салбарт сэргэлт бий болж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн салбарын ачаалал огцом нэмэгджээ. Зарим улсын нисэх буудлууд энэ их өсөлтөд бэлэн биш байгаа аж. Тухайлбал, Германы бүх нисэх буудал коронагийн дараах зуны нислэгт бэлэн бус байна. Ажиллах хүчний хомсдолын улмаас нислэг саатах, зорчигчдын тээшийг олгохгүй удах зэрэг асуудал гарах болжээ. Франкфуртын нисэх буудал ажиллах хүч хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар онгоц газардсанаас хойш хоёр цагийн дараа зорчигчдын ачаа тээшийг буулгасан байна. Цар тахлын улмаас цомхотгол хийсэн тус нисэх буудал шинээр ажилтан авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад багагүй цаг хугацаа орно гэж мэдэгджээ. Цомхотголд өртсөн ажилчид нь гэнэт ажилгүй болсны тэтгэмжээ авч, өөр ажилд шилжсэнээр хуучин ажилдаа буцаж ирээгүй байна.