Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс зургаадугаар сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тоймыг танилцууллаа.
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулсаар 14.7-15.0 градус, тал хээр, говийн нутгийн зарим хэсгээр 20.1-25.0 градус, Их нууруудын хотгор болон Алтайн Өвөр, Шарга, Заг Сүүж, Номин, Галба, Өөшийн говь, Баруун хуурай, Ингэн хөөвөр, Лигийн хоолойгоор 25.1-30.0 градус, бусад нутагт 15.1-20.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба дунджаас 1.1-7.7 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 31-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 24-30 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 36-40 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 1-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говиор 16-22 градус, бусад нутагт 6-15 градус дулаан байв. Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутгаар 35-50 градус, тал хээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 66-70 градус, бусад нутагт 51-65 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 6-15 градус, уулархаг нутгаар 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан байлаа.