Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Сүхбаатар аймагт ажилласан бол өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээрийн нэг Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үргэлжлэл 248.3 авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсад авто замын бүтээн байгуулалтын хоёр дахь үе эхэлж байна. Энэ бол бүх боомтуудаа автозамаар холбох ажил юм. Стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, Алтанбулаг, Замын-Үүдээ хурдны замаар холбох зорилт тавьж байна. Энэ ажлыг бид аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэх хэрэгтэй. Өнөөдөр Чингис хот-Ульхан боомтыг холбох замын ажил эхэлж байна. Энэ зам бол Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол маршрут, зүүн гурван аймгийн хөгжилд чухал ач холбогдолтой" гэлээ.